Монгол Улс олон улсын өгөгдлийг хадгалах, дамжуулах дата төвийг дотооддоо байгуулах замаар эрчим хүчний салбараа эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна
2026 оны наймдугаар сарын 19-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн тухай хуулийн төслийг эцэслэн шийдвэрлэж, эрчим хүчний стратегийн болон боловсролын салбарын шинэчлэлийн асуудлуудыг хэлэлцлээ. Энэ хүрээнд Монгол Улсыг мэдээлэл технологи, өгөгдөл хадгалах олон улсын зангилаа төв болгох болон ерөнхий боловсролын сургуулиудыг "ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй" загварт шилжүүлэх томоохон шийдвэрүүдийг гаргасан байна.
Монгол Улс олон улсын өгөгдлийг хадгалах, дамжуулах дата төвийг дотооддоо байгуулах замаар эрчим хүчний салбараа эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна. Дата төвийн нийт зардлын 80 хүртэлх хувийг эрчим хүч эзэлдэг тул энэ нь уул уурхайн салбараас дутахгүй орлого олох экспортын шинэ гарц болох боломжтой. Монгол Улс нар, салхины асар их нөөцтэй бөгөөд их хэмжээгээр үйлдвэрлэх тусмаа сэргээгдэх эрчим хүчний өртөг нь 2 цент хүртэл буурах тооцоо гарчээ. Энэ нь БНХАУ, БНСУ, Япон болон АНУ-ын эрчим хүчний үнээс хэд дахин хямд үзүүлэлт юм.
Эрчим хүчний хямд эх үүсвэрийг найдвартай, тасралтгүй хангахын тулд газрын дээрх сэргээгдэх эрчим хүчийг газрын доорх нүүрсний эрчим хүчтэй хослуулан ашиглах хоршилтыг бий болгоно. Мөн Монгол Улс ардчилсан засаглалтай, хууль эрх зүйн орчин нь мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хамгаалдаг тул гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байна. Хөрөнгө оруулалтын хуульд оруулсан өөрчлөлтөөр дата төв болон ногоон эрчим хүчний тоног төхөөрөмжийг гаалийн татвараас 100 хувь чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг дөрвөн жилээр хойшлуулах зохицуулалтыг хийжээ.
Дата төвийг хиймэл оюун ухаанд суурилсан болон крипто чиглэлийн гэж хоёр ангилж байгаа бөгөөд хиймэл оюун ухааны дата төвүүд нь зөвхөн цэвэр эрчим хүч ашиглах шаардлага тавьдаг. Монгол Улс хүйтэн сэрүүн уур амьсгалтай тул дата төвийн хөргөлтийн зардлыг 40 хувиар хэмнэх байгалийн давуу талтай. Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын бага хурлын 130 гаруй орны төлөөлөгчид оролцох үеэр ногоон эдийн засаг, дата төвийн чиглэлээр томоохон хөрөнгө оруулалтын хэлцлүүд хийгдэх хүлээлттэй байна.
Засгийн газраас 2028-2030 он гэхэд эрчим хүчний хувьд бүрэн бие даасан улс болох зорилт тавин ажиллаж байна. Саяхан анх удаа сэргээгдэх эрчим хүчний таван байрлалд нээлттэй дуудлага худалдаа буюу үнэ хаялцуулах худалдаа явуулахад хамгийн бага үнэ нь 1 кВт цаг тутамд 4.85 цент болж буурсан нь шинээр ашиглалтад орсон нүүрсний станцын тарифаас хоёр дахин хямд байна. Эрчим хүчний салбарт хийгдэж буй реформын үр дүнд банкууд хувийн хэвшлийн төслүүдэд 2 тэрбум долларын санхүүжилт олгохоо илэрхийлээд байгаа бөгөөд энэ нь цаашид импортын шатахууны хамаарлыг бууруулах суурь болох юм.
Боловсролын салбарын хувьд "Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль" үндэсний загварыг танилцууллаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 100 сургуулийг шинэчлэн зохион байгуулна. "Гэрт ойрхон сургууль, цэцэрлэг хамгийн сайн" бодлогын хүрээнд хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг дахин төлөвлөж, анги дүүргэлтийн ачааллыг бууруулахаар ажиллаж байна.
Шинэ загварын сургуулиуд нь дээвэр дээрээ нарны хавтантай, газрын гүний дулааны насос зэрэг байгальд ээлтэй технологиор халаалтаа шийдсэн, саарал усаа дахин боловсруулдаг ногоон шийдэлтэй байна. Одоогийн байдлаар сургууль, цэцэрлэгийн барилгын 50 орчим хувь нь 1990 оноос өмнө баригдсан бөгөөд тэдгээрийн халаалт, цахилгаанд жилд 418 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Мөн хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг халах ажил дуусаж байгаа бөгөөд аравдугаар сарын 1-н гэхэд улсын хэмжээнд нэг ч нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг үлдэхгүй байх шаардлагыг орон нутгийн удирдлагуудад өгчээ.
Сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс сургуульд суурилсан эрт илрүүлэг оношилгоог эхлүүлж, сэтгэл зүйч, хоол зүйч, нийгмийн ажилтан, эмч нарын хамтарсан баг ажиллана. Мөн сурагчдын сошиал хэрэглээг хязгаарлах зорилгоор есдүгээр сарын 1-нээс эхлэн фэйсбүүк, инстаграм, тикток зэрэг сүлжээгээр гэрийн даалгавар өгөхийг хориглож байна. Сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хүүхдийн байршил, зорчих маршрутыг тодорхойлох ухаалаг чип бүхий системийг энэ хичээлийн жилээс туршиж эхлэхээр бэлтгэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.