COP17 бага хурлын хоол хүнс, үйлчилгээнд 17 тэрбум, хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд 4,9 тэрбум төгрөг зарцуулна
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үндэсний хороо хуралдаж байна.
Үндэсний хорооны ажлын гүйцэтгэл 55 хувьтай үргэлжилж байгаа аж. Эвент зохион байгуулах, барилгын ногоон бүсийн ажлууд тэг хувьтай байна. COP 17 хурлын үеэр 4000 гаруй алба хаагч замын хөдөлгөөн, нийтийн хэв журам, зочдын аюулгүй байдлыг ханган ажиллана. Мөн зочид визний хураамж төлөхгүй тул зөвхөн COP 17-д зориулсан цахим визний шугамыг гаргахаар төлөвлөжээ.
Тус хурлын барилга байгууламж тоног төхөөрөмж худалдан авахад 2026 оны төсвийн төсөлд нийт 217,1 тэрбум төгрөг тусгасан бол хурлын бэлтгэл ажил хангах, мэдээлэл түгээх, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах зэрэгт нийт 39,5 тэрбум төгрөгийн урсгал зардал тусгажээ.
Харин одоо нэмэлтээр Үндэсний хорооны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг дэд хороодоос тус хурлын ажлын хэсэгт хүргүүлсэн байна.
Тодруулбал,
-Зам, тээвэр, логистикийн дэд хороо - 7 тэрбум төгрөг,
-Эрүүл мэндийн яам - 5,2 тэрбум төгрөг,
-Үйлчилгээ, хоол, хүнсний хангамж, Эрүүл ахуйн дэд хороо - 17,3 тэрбум төгрөг,
-Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан дэд хороо - 4,9 тэрбум төгрөг,
-Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр зочид буудал хариуцсан дэд хороо - 11,1 тэрбум төгрөг,
-Визний асуудал хариуцсан дэд хороо - 862 сая төгрөг /Батлагдсан төсөв - 73,6 тэрбум/,
-Хамтын ажиллагааны дэд хороо - 2,8 тэрбум төгрөг,
-Ногоон бүс хариуцсан дэд хороо - 7,4 тэрбум төгрөг.
Ингээд нийт 56,6 тэрбум төгрөг тус хурлын үйл ажиллагаад нэмэлтээр шаардлагатай аж.
Өнөөдрийн үндэсний хорооны хурлын үеэр Шадар сайд Н.Номтойбаяр хэлэхдээ “COP17-г зохион байгуулахтай холбоотой санхүүжилтэд гүйцэтгэлийн дундын аудит зайлшгүй хийх шаардлагатай. АСЕМ-ийн үеэр үүссэн санхүүжилтийн маргаан, улс төржилтийг дахин давтаж болохгүй” гэв.
БОУАӨЯ-ны дэд сайд Б.Мөнхтамир, "Үндэсний аудитын газар шалгалт хийх хүсэлт илгээсэн. Хурал дууссаны дараа есдүгээр сарын 1-ээс аудит оруулах санал өгнө. Бүх талуудыг хамруулж шалгуулах нь зүйтэй" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.