Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

Энэ жил ноолуурын үнэ 1 кг нь 200,000 төгрөг давж малчдын магнай тэнийж байна. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2023 онд зүүн аймгуудад нэг кг ноолуур 160 мянга, 2024 онд 185 мянган төгрөг, 2025 онд 150 мянган төгрөгөөс эхэлж байв.

Тэгвэл энэ жилийн тухайд аймгуудаас Дорнод аймагт кг ноолуурын ханш 203-207 мянгад хүрээд байна. Энэ нь энэ жилийн хамгийн өндөр ханш юм.

Харин Хэнтий, Сүхбаатар аймгуудад 198-204 мянган төгрөгийн түвшинд тогтож, мөн өндөр ханштай бүсэд тооцогдож байна. Төв болон Орхон аймагт 185-194 мянга, Булган, Хөвсгөлийнх 190-195 мянга, Архангайд 180-185 мянга, Дундговь аймагт 178-180 мянган төгрөг хүрээд байна. Хамгийн бага үнэ Дорноговь аймагт 165-170 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Ноолуурын үнийн ялгаа нь тухайн бүс нутгийн нолуурын чанар, гарц, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс шалтгаалж байгааг салбарынхан онцолж байна.

Энэ талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засагхөгжлийн сайд Ж.Энхбаяр “Өмнө нь бид ноолуураа түүхийгээр нь гаргаж бусад орны түүхий эдийг хангадаг байсан. Тэнд боловсруулалт хийгдээд зах зээл дээр гарч байсан бол одоо бид өөрсдөө цэвэршүүлээд ирэхээр үнэ өсч байгаа юм. Цэвэршсэн буюу угааж самнасан ноолуурын зах зээлийн үнэ дунджаар 105 орчим доллар буюу 350,000 төгрөг байдаг. Тэгэхээр бохир ноолуур 200,000 хүрэх нь зүй ёсны хэрэг. Үүнийг дагаад малчдын орлого бодитой нэмэгдэнэ. Малын гаралтай бүтээгдэхүүн махан бүтээгдэхүүн экспортыг хүчтэй дэмжсэн. Тиймээс мал, малын үнэ өсөхөөр хөдөө орон нутаг дахь иргэдийн орлого 10 хувиар нэмэгдсэн. Энэ бол орон нутаг эзэнтэй байх, тогтвортой байх, мал аж ахуй эрхлэх сонирхол бий болох олон талын ач холбогдолтой. Нөгөө талаараа үйлдвэрүүдээ түүхий эдээр хангах зэрэг давхар бодлого явж байгаа” гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.