П.И.Чайковскийн алдарт "Хунт нуур" балетын тухай таван баримт
Сонгодог урлаг сонирхдог, сонирхдоггүйгээс үл хамааран хэн бүхний зүрх сэтгэлийг эзэмдэж, хөгжим нь эгшиглэх төдийд л цагаан хунгуудын үзэгсгэлэнт дүр төрх нүднээ буудаг нэгэн бүтээл бий. Энэ бол мэдээж суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн "Хунт нуур" балет билээ. Дэлхийн өнцөг булан бүр дэх театруудын тайзнаа тасралтгүй тоглогдогддог, хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон энэхүү балетад хайр дурлал, учрал хагацал, сайн ба муугийн тэмцлийг бүжгийн хэлээр төгс илэрхийлдэг.
Энэхүү балетын тухай сонирхолтой таван баримтыг хүргэж байна.
Тайзнаа анх тавигдахдаа бүтэлгүйтэж байсан:
Өнөөдөр дэлхийн театруудыг үзэгчдээр өвч дүүргэдэг энэхүү бүтээл 1877 онд Москвагийн Их Театрт анх нээлтээ хийхдээ маш том шүүмжлэлд өртөж байжээ. Үзэгчид болон шүүмжлэгчид хөгжмийг нь хэтэрхий нүсэр, бүжгийн дэглэлтийг нь уйтгартай хэмээн гоочилцгоож байлаа. Балетын жүжигчид хүртэл Чайковскийн хөгжмийг "Бүжиглэхийн аргагүй хэцүү" гэж гомдоллож байсан гэдэг. Гэвч эдүгээ дэлхийн төдийгүй манай улсын тайзнаа “Хунт нуур” балетын тасалбар хамгийн хурдан зарагдаж дуусдгаараа алдартай болсон
П.Чайковский өөрийнхөө бүтээлийг нэрд гарахыг үзэж амжаагүй:
Өөрөөр хэлбэл "Хунт нуур" балет П.И.Чайковскийг амьд байх хугацаанд амжилт олж чадаагүй юм. Түүнийг насан эцэслэснээс хоёр жилийн дараа буюу 1895 онд алдарт бүжиг дэглээч Мариус Петипа, Лев Иванов нар тус балетыг шинэчлэн найруулж, Санкт-Петербургийн театрт тоглосноор өнөөдрийн бидний мэдэх “Хунт нуур” балет алдаршсан түүхтэй
Нэг балетчин хоёр өөр дүр:
"Хунт нуур" балетад нэг бүжигчин дангаараа цагаан хун Одетта, хар хун Одиллия нарын дүрийг бүтээдэг. Энэ нь балетын жүжигчнээс зөвхөн техникийн өндөр ур чадвар төдийгүй, маш их хувирах чадвар шаарддаг билээ.
Хар хунгийн алдарт 32 эргэлт (Fouetté):
Тус балетын гуравдугаар үзэгдэл дээр хар хун Одиллия ханхүүг өөртөө дурлуулахын тулд нэг хөл дээрээ зогсолтгүй 32 удаа эргэдэг (fouettés) хэсэг байдаг. Энэхүү техникийг анх Италийн балетчин Пьерина Леньяни гүйцэтгэж, үзэгчдийг алмайруулж байжээ. Энэ нь балетын урлагийн хамгийн өндөр ур чадвар шаардсан, үзүүштэй хэсгүүдийн нэг юм.
Олон хувилбарт төгсгөл:
"Хунт нуур" балет яг яаж төгсөх вэ гэдэг нь таны аль театрт үзэж байгаагаас шалтгаална. Анхны хувилбар нь Одетта, Зигфрид хоёр хоёулаа нууранд живж үхдэг эмгэнэлт төгсгөлтэй байв. Харин Зөвлөлтийн үед соёлын бодлогоос шалтгаалан ханхүү хорон санаат шидтэнийг ялж, хайртай бүсгүйтэйгээ аз жаргалтай үлдэж буйгаар төгсгдөг болгон өөрчилж байв. Эдүгээ дэлхийн театруудад тус балет аль аль хувилбараар тоглогдож байна
Сонирхолтой нэмэлт баримт:
Хуучин Зөвлөлт Холбоот Улсад (ЗХУ) улс төрийн тогтворгүй байдал, үймээн бослого болох үед иргэдийн сэтгэлзүйг тогтворжуулах зорилгоор Хунт нуур" балетыг өдөржин зурагт радиогоор нэвтрүүлдэг байжээ. Тиймээс иргэдийн хувьд энэ балет зурагтаар гарвал "улс оронд ямар нэгэн ноцтой зүйл болжээ" гэсэн дохио болдог байв.
Энэ мэтчилэн бүтэлгүйтлээс суут бүтээл хүртэлх замыг туулж, улс төрийн түүхийн томоохон өөрчлөлтүүдийн ч гэрч болж ирсэн "Хунт нуур" балет өнөөдөр ч үнэ цэнээ алдалгүй хүн төрөлхтнийг баясгасаар байна.
Бэлтгэсэн Д.Энх-Амгалан
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.