Аргентины шигшээ баг Египетийг буулган авч шөвгийн наймд шалгарлаа

Аргентины шигшээ баг Египетийг буулган авч шөвгийн наймд шалгарлаа

Америкийн Нэгдсэн Улсын Атланта хотын цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-гийн шатны тоглолт болж, дэлхийн аварга Аргентины шигшээ баг Египетийн багийг 3:2 харьцаатайгаар буулган авлаа. Дэлхийн шилдэг довтлогчид болох Лионель Месси болон Мохамед Салах нарын тулаан дэлхий нийтийн анхаарлыг татсан тус тоглолт үзэгчдийн хүлээлтийг бүрэн хангаж, өрсөлдөөнтэй, сэтгэл хөдөлгөм мөчүүдээр дүүрэн боллоо.

Түүхэндээ анх удаа дэлхийн аваргын хасагдах шатанд шалгарсан Египетийн шигшээ баг тоглолтын эхэнд дэлхийн аваргуудыг цочролд оруулсан юм. Тоглолтын 15 дахь минутад Марван Аттиагийн өгсөн булангийн дамжуулалтыг Яссер Ибрахим мөргөж гоол оруулснаар Африкийн төлөөлөл тэргүүлж эхэлсэн. Үүний дараа буюу 21 дэх минутад Аргентины ахлагч Лионель Месси торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч Египетийн хаалгач Мостафа Шобейр амжилттай хааж багаа аварсан юм. Тэрбээр зөвхөн торгуулийн цохилт хаагаад зогсохгүй эхний хагаст Жулиан Альварес, Алексис Мак Аллистер нарын аюултай довтолгоог зогсоож, багтаа эхний үеийг 1:0 харьцаатай тэргүүллээр өндөрлүүллээ.

Хоёрдугаар хагаст Өмнөд Америкийн төлөөлөл тоглолтын санаачилгыг бүрэн гартаа авч, ширүүн довтолгоонуудыг тасралтгүй өрнүүлэв. Төвийн хамгаалагч Кристиан Ромеро болон багийн ахлагч Лионель Месси нар дараалан гоол оруулснаар тооны харьцааг тэнцүүлж, улмаар тоглолтын хувь заяаг эргүүлж чадсан юм. Тоглолтын төгсгөлд хагас хамгаалагч Энцо Фернандес шийдвэрлэх ялалтын гоолыг оруулснаар Аргентины шигшээ баг гайхамшигтай эргэн ирэлт хийж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа.

Энэхүү тоглолтын үеэр хэд хэдэн сонирхолтой түүхэн баримт бүртгэгдлээ. Лионель Месси торгуулийн цохилтоо алдсанаар нэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа торгуулийн цохилт алдсан анхны тоглогч болж түүхэнд бичигдэв. Гэсэн хэдий ч тэрбээр тоглолтын явцад гоол оруулснаар 2026 оны дэлхийн аваргын мэргэн буучийн өрсөлдөөнд найман гоолтойгоор тэргүүлж байна.

Африкийн тивийн итгэл найдварыг тээж, түүхэн амжилт үзүүлсэн Египетийн шигшээ багийн аялал ийнхүү өндөрлөж байна. Харин дэлхийн аваргын цомоо хамгаалах зорилготой Аргентины шигшээ баг шөвгийн наймд Швейцар эсвэл Колумбын шигшээ багийн аль хожсонтой нь тоглох хуваарьтай байна. Уг хариуцлагатай тоглолт долдугаар сарын 11-ний бямба гарагт Канзас Сити цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.