Монгол Улс хиймэл оюун ухааны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгджээ
Олон улсын менежментийн хөгжлийн хүрээлэн (IMD)-гийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс (World Competitiveness Center) эрхлэн гаргадаг IMD World Digital and AI Ranking 2026 буюу Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр Монгол Улс судалгаанд хамрагдсан 70 улсаас 52.62 оноотойгоор 67 дугаар байрт эрэмбэлэгдлээ.
Өмнө нь Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан нэрээр танилцуулагддаг байсан энэхүү судалгаа нь 2026 оноос эхлэн хиймэл оюуны хөгжлийн нөлөө, хэрэглээ, түүнийг нэвтрүүлэхэд шаардлагатай институтийн болон нийгмийн орчныг илүү өргөн хүрээнд авч үзэх болсноор Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээ нэртэйгээр шинэчлэгдэн танилцуулж буй.
2026 оны үнэлгээний нэг онцлог нь улс орнуудын дижитал технологи, хиймэл оюуныг нэвтрүүлэх чадвараас гадна тэдгээрийг эдийн засаг, бизнес, төрийн үйл ажиллагаа болон нийгэмд үр бүтээлтэй ашиглах нөхцөлийг үнэлж байгаа явдал юм.
Үнэлгээг дараах таван үндсэн бүлгийн хүрээнд хийв. Үүнд:
- Засаглал – Дижитал технологи, хиймэл оюуны хариуцлагатай хөгжлийг дэмжих эрх зүй, зохицуулалт, институцийн орчин;
- Технологи ба дэд бүтэц – Дижитал болон хиймэл оюуны системийг хөгжүүлэх, нэвтрүүлэхэд шаардлагатай технологийн, санхүүгийн болон судалгааны дэд бүтэц;
- Үр ашиг – Дижитал технологи, хиймэл оюуныг бизнесийн үйл ажиллагаа болон байгууллагын практикт нэвтрүүлж, үр дүнтэй ашиглах чадвар
- Ажиллах хүчний хөгжил – Дижитал болон хиймэл оюунд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай хүний нөөц, боловсролын тогтолцоо, ур чадвар;
- Үнэт зүйлс – Кибер аюулгүй байдал, хиймэл оюуны ёс зүй, нийгмийн хандлага болон итгэлцэл.
Эдгээр таван бүлэг нь тус бүр гурван дэд бүлэгтэй, нийт 15 дэд бүлгийн хүрээнд 88 шалгуур үзүүлэлтээр улс орнуудын дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварыг үнэлжээ. Үнэлгээнд 51 статистик мэдээлэл болон 37 санал асуулгын үзүүлэлт ашигласан байна.
Монгол Улс 2026 оны үнэлгээгээр нийт 70 орноос 67 дугаарт эрэмбэлэгджээ. Өмнөх оны судалгаанд 69 орноос 67-рт эрэмбэлэгдэж байсан.
Дэд бүлгүүдийн хувьд Боловсрол ба сургалт дэд бүлгээр 35 дугаарт эрэмбэлэгдсэн нь Монгол Улсын харьцангуй сайн үзүүлэлт болж байна. Харин бизнесийн уян хатан байдал 70 дугаарт эрэмбэлэгдсэн нь анхаарал хандуулах шаардлагатай чиглэлүүдийн нэг болжээ.
Мөн шалгуур үзүүлэлтүүдийн түвшинд эмэгтэй судлаачдын үзүүлэлтээр Монгол Улс 1 дүгээрт эрэмбэлэгдсэн нь онцлох үр дүн юм. Нөгөө талаас, шинжлэх ухааны судалгааны эрх зүйн орчин, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, кибер аюулгүй байдал зэрэг үзүүлэлтүүдэд сул үр дүнтэй байна.
Дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадвар нь зөвхөн технологийн хүртээмж, дэд бүтцийн хөгжлөөр тодорхойлогдохгүй, харин тэдгээрийг эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэхэд хэрхэн ашиглаж байгаагаас ихээхэн хамаардаг.
Иймд Монгол Улсын хувьд дижитал дэд бүтцийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ хиймэл оюуныг бизнес, төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн дижитал ур чадварыг хөгжүүлэх, хиймэл оюуны эрх зүйн болон ёс зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь 2010 оноос Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн хамтрагч байгууллагаар ажиллаж ирсэн бөгөөд, Монгол Улсын дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын судалгааны ажлыг гүйцэтгэсэн болно.
Эх сурвалж: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.