Идеологич

Идеологич

2016.03.22

 ИДЕОЛОГИЧ

Гоё ганган даашинзтай жүжигчдийн киноны имижтэй жараад онд төрсөн энэ эмэгтэйд бүсгүй хүний элдэв хээнцэрхэл, чамин дэгжин юм бараг үгүй хэрнээ хайр татах нэг тийм увидас, шүншиг байдаг. Ихэнх хүүхнүүдэд байдаггүй эр зоригтой, өөрийнхөөрөө, шууд шулуухан араншин, дотооддоо юунд ч сөхөрч ойчимгүй ер бусын хүчирхэг хэрнээ өр нинжин сэтгэл тэргүүтэн нэгдэж нийлсэнээр зөв сайхны орц найрлага бүрдэж түүнийг ийм гоо үзэсгэлэнтэй  болгосон байж мэдэх юм. Гоо үзэсгэлэн, сэтгэл татах увидас гэдэг харагдах байдал, нүд гялбуулах өнгө бус чухамдаа эр зориг, өөртөө итгэх итгэл, зөв сайхан ёс зүй байх нь гэх бодол төрнө. Түүнийг таньж мэдсэн бүтэн аравнаар тоологдох он жилүүд, ойртож дотноссон энэ хэдэн өдөр надад олон сайхан мэдрэмж төрсний нэгээхэн хэсэг нь энэ. Чухам энэ үнэт чанар л Ц.Цогзолмаа дарга гэх нэг том орон зай, хэн ч нурааж боломгүй хана хэрмийг улс төрийн хүрээнд сийлж орхисон байх. Цогзолмаа дарга зарчимч, Цогзолмаа хөдөлмөрч, Цогзолмаа дарга зоригтой. Цогзолмаа албан тушаалын лифтэнд суудаггүй, доод шатнаас нь мац мацсаар өнөөгийнхөө өндөрлөгт хүрч ирсэн. Цогзолмаа дарга хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Ийм имиж хэдийнэ бат нот тогтчихсон юм билээ. Хэтэвчээр бус, хямдхан аргаар бус чухамдаа хүн мөн чанараар босгосон хувь хүний нэр төр гэгч цагийн шалгуур давахаараа улам үнэ цэнэтэй болдгийн жишээ түүнийх мэт санагдана. Тэр бол он жилүүдийн цаанаас гэрэлтэх хүн чанар ажээ.

Түүний амьдралын мөчлөгүүд их сонин. Уналт, босолт ихтэй гэх юм уу. Гуравдугаар ангидаа “Миний ээж” зохион бичлэг нь улсад шалгарснаар бяцхан Цогзолмаа алдар хүндтэй, басхүү бусдын төлөө амьдрах хувь заяаных нь зам тодорхой болсон байдаг. Ангийн дарга, бүлгэмийн зөвлөлийн дарга, онц сурлагатан, нийгмийн идэвхтэн, нийтийн од. Бага насанд ирсэн энэ алдар хүнд хожим түүнд онц хүн байх, онцгой  сайн амьдрах үүрэг даалгаварыг ямар ч хүсэлт, нөхцөлгүйгээр оноочихсон байх. Онц сурлагатны психилоги гэх үү дээ. Таван эрэгтэй дүүтэй айлын эрх танхи охин ийн аймгийнхаа оддын зиндаанд дунд сургуулиа дүүргэж алтан Москвад Комсмолын дээд сургуульд сурах хуваарь гардав. Гэвч арын хаалганд хавчуулагдаж, наана, Эрхүүд түүхийн багшаар суралцахаар болов. Оюутан байхдаа ээж болсон залуу бүсгүй мөн л оюутан байхдаа ээжийгээ алдаж, тавын таван өнчин дүү, уй гашууд автсан аавтайгаа үлдлээ. Жинхэнэ хувь заяаны шалгуур.

Хүн бол орчны бүтээгдэхүүн. Гэвч түүний амьдралд тохиолдсон олон даваа нугачаа, олон сайн муугийн дотроос дээрх хоёр тохиолдол л түүний амьдрал хувь заяанд тодорхойлох эргэлтийн цэг байсан байх. Балчир насанд нь ирсэн их алдар нэр, хүндэтгэл түүнийг насан туршаа онцсайн амьдрах сэтгэлзүйг өгсөн бол өнчин дүү нараа өсгөж, хүний зэрэгт хүргэх эгчийн үүрэг нь түүнийг амьдралын хатуу хөтүүг ойлгодог, өр зөөлөн, хүчирхэг хувь хүн болгон төлөвшүүлсэн ажээ.Цагаахан инээд алдахаараа хүүхэд шиг томоогүй. Тэгснээ ажил хэрэг ярих цагт төв, шулуун, түс тас, манайхны хэлдгээр эршүүд юм шиг байдаг нь ийм учиртай биз ээ.

Ажил хэрэг, амжилт карьерынх нь тухайд бол мань хүн ёстой төрийн хар хүн. Мэргэжлээрээ ердөө хагас жил ажилласныг нь эс тооцвол төрийн албанд томилолт гардсаар тасралтгүй өсөх прогресстэй карьер хөөсөн юм билээ. Энэ ертөнцөд Цогзолмаа дарга шинэ санаа сэдэхдээ гаргууд гэдгээрээ бас хөөрхөн зартай. Өдгөө улс орны хэмжээний төсөл, мөрийн хөтөлбөр шахуу болсон “Нэг цэгийн үйлчилгээ”-г тэр анх санаачилж, дүүргийн засаг дарга байхдаа эхлүүлсэн юм билээ. Улс орны хэмжээний брэнд болтлоо алдаршсан нь л энэ болохоос өч төчнөөн шинэ санаа, идеа гаргасан нь бүгд хүний төлөө, хүний хөдөлмөр, проблемийг хөнгөвчлөх зорилготой байсан нь магад бүсгүй хүний нарийн мэдрэмжтэй нь холбоотой давуу тал байх. Тиймээс түүнийг би хувьдаа ИДЕОЛОГИЧ гэж тодорхойлмоор санагдсан. Монгол хэлнээ үзэл суртал, үзэл сурталч гэж орчуулагддаг энэ үг надад бол шинэ санаа үйлдвэрлэгч, оюун санааны лидер гэдэг утгаараа буудаг юм. Бодлого боловсруулж, шийдвэр гаргах түвшинд чухам идеологичид бүтээн байгуулагчдаас илүү их үнэтэй байдаг нь тэд ард түмнийхээ шилдэг сайн оюун санаа, байлдан дагуулагчид байх учиртайгаас тэр билээ.  

-Бороотой өглөөний мэнд! Та хэр эртэч хүн бэ? 

-Цагийн тухайд маш хариуцлагатай ханддаг. Босно гэсэн цагтаа босч чадна. Ажиллая гэсэн үедээ үүр цайтал ч сууж өглөө нь ажилдаа явж чаддаг.

-Дэлхийн улс төрч эмэгтэйчүүдийн үндсэн имиж болсон богинохон үс, makeup-гүй шахам төрх, гаднаас нь харахад хатуу ширүүн гэмээр араншин. Энэ таны мөн чанар, имиж мөн үү? Өөрийнхөө би-г ямар нэг комплексгүйгээр тодорхойлооч?  

-Би онгироо хүн биш. Гэхдээ би гэж бардамнах нэг л зүйл надад байдаг. Өнөөг хүртэл амьдрахдаа үргэлж бусдын төлөө явж, олсноо олонтойгоо хуваалцаж ирсэн. Магадгүй айлын том охины сэтгэл, амьдралын хатуу хөтүүг багадаа үзэж туулсантай холбоотой чанар байх. Энэ л надад байдаг хамгийн үнэт чанар гэж боддог. Хатуу ширүүн араншин байхгүй дээ. Харин зарчимч, тууштай зан маань гаднаа тэгж харагддаг байж болно. Богино үс, оо энгэсэгийн тухайд миний байгаа нь л энэ. Улс төрч, төрийн хүний төрх бүрдүүлэх гэж ийм имижтэй болоогүй. Угаасаа урт үс, улаан уруулын будагтайгаар өөрийгөө төсөөлж чаддаггүй юм.

-Маш олон жил төрд алба хашсаныг чинь мэдэх юм. Өөрөөр хэлбэл энэ ертөнцөд та Цэдэнбалын Цогзолмаа гэх хүний зэрэг зиндааг сийлчихсэн гэх үү дээ. Гэтэл та тийм ч нээлттэй хүн биш юм шиг анзаарагддаг. Энэ удаад багаа тайлж орхиод нээлттэй ярилцана гэж амлаач, надад таны дотоод ертөнц, хувь хүнийг чинь нээх мэргэжлийн их хүсэл байна?  

-Би угаас нээлттэй, комплекс багатай, бараг комплексгүй хүн шүү дээ. Нэг их ярилцлага өгөөд байдаггүй учраас л танд хаагдмал юм шиг санагдаж байж магад. Бусдаар эмэгтэй хүн нууцлаг байх ёстой гэдэг ч улс төрчдийн амьдрал бараг л бүхлээрээ олны өмнө нээлттэй байдаг шүү дээ. Тэгээд ч миний мөн чанар, амьдрах арга замд огт таарахгүй зүйл.

-Тэгвэл бага наснаас чинь эхэлье. Багадаа та ямархуу хүүхэд байсан бэ? Сэтгэлд тод дурсамжаасаа хуваалцаач?

-Би таван эрэгтэй дүүтэй айлын том охин. Ээжийгээ байхад эрх танхи ч гэж жигтэйхэн, ганган дэгжин ч гэж ярих юмгүй охин байлаа. Одоо бодоход хүүхэд насны хоёр дурсамж л бүхэл амьдралын минь хамгийн тод мэдрэмж, магадгүй хувь заяаны эргэлт болсон юм шиг санагддаг. Гуравдугаар ангид байхад “Миний ээж” зохион бичлэгийн уралдаан сургуулиас зарлагдаж, хоёр өдөр ээжээсээ нуун байж зохион бичлэг бичиж өгсөн нь 1-р байр эзэлчихэж. Малчаа гээд олон хүүхэдтэй, их сайхан бичдэг багш маань, чиний зохион бичлэгийг уншсан багш нар бүгд уйлсан, “Пионерын үнэн” сонин руу явуулсан, улсад ч нэг юм дуулгах байхаа гэлээ. Улсын хэмжээний уралдаан байсан юм билээ. Нэг өдөр багш орж ирээд, чимээгүй байгаарай, баярт мэдээ байна, пионерын удирдагч орж ирж хэлнэ гэлээ. Долгор багш орж ирж, танай ангийн Цогзолмаагийн зохион бичлэг улсад 3-р байр эзэлж, Олон улсын “Найрамдал” зусланд амрах эрхийг бичгээр шагнуулсан гэлээ. Тэр чинь 1978 он. Ингээд “Найрамдал” зуслан байгуулагдаж анхны амрагчаа авсан жил чемодан дүүрэн шинэ хувцастай “Найрамдал”-д хүрч ирлээ. Яг энэ үйл явдал миний амьдралд, өөрийгөө олж, хүн талаасаа нээгдэхэд маш чухал нөлөө үзүүлсэн. Очсон эхний өдрөөс улсын уралдааны 3-р байрын шагналт Цогзолмаа манай бүлэгт амарч байна гэж танилцуулж эхэлсэн тэр үеэс миний бүхэл амьдралын зам, ирэх өдрүүдэд хэн байхыг минь эхлүүлчихсэн юм шиг санагддаг.

-Алдар хүндэтгэл хариуцлагын сэтгэл бий болгочихдог, муу сурч, муу хүн байж болохгүй босго тогтоочихдог зүй тогтол үйлчилж эхэлсэн байх нь? Онц сурлагатны психиологи ч гэх юм уу, синдром ч гэх үү, нэг тийм юм байдаг юм шиг надад санагддаг. Санал нийлэх үү?   

-Одоо тийм л байх. Тухайн үед юу болохыг мэдэхгүй ш дээ. Ямартай ч хувь хүнийг минь их нээж өгсөн. Маш их урам өгсөн. Ер нь хүүхэд насны ийм үйл явдал хувь хүн өөрийгөө таньж, нээж, хөгжүүлэхэд их чухал нөлөө үзүүлдэг юм билээ. Бага насанд  урам өгөх, чи сайн хүн болно гэж итгүүлэх энэ тэр бол сайн хүмүүжлийн их том нууц шүү. Ингэж амарч байхдаа болоогүй Урлагийн үзлэгт оролцож, “Тагтаа” шүлэг уншиж, мөнгөн медаль авч, ганзага дүүрэн нутаг буцлаа. Зунжин соёлыг гайхсан хүн 4-р ангиасаа жинхэнэ нийгмийн идэвхтэн боллоо доо. Пионерын удирдагчийнхаа баруун гар болж, “Найрамдалд”-д үзэж дуулснаа, сурч мэдсэнээ ангийнхандаа бас сургуулийнхандаа зааж өгөх ажил эхэлсэн. Ариун цэвэр сахиулах зад угаагчаас авахуулаад хүүхдэд эх оронч үзэл хэрхэн төлөвшүүлэх талаар “Найрамдал” шиг гайхамшигтай “ноу-хау”-тай газар одоо ч байхгүй гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Ингээд хавар нь Бүлгэмийн зөвлөлийн дарга болж тэр цагаас хойш зөвхөн сургуульдаа төдийгүй Ховд даяар Цогзолмаагүй юм байхгүй болсон доо. Онгирч байгаа юм шиг сонсогдох вий дээ. Гэвч үнэхээр л хүүхэд насны минь гайхамшигтай, үлгэр шиг дурсамж юм. Бодсон чинь онц сурлагатны синдром гэж үг чинь яасан айхтар үг вэ.  Би сүүлдээ ямар нэг өрсөлдөөн, уралдаанд ялагдаж чадахаа больчихсон байж билээ. Урлагийн үзлэг, “Артект очно” гэдэг орос хэлний их том уралдаан, эх оронч үзэл суулгаж өгдөг “Дөл” тоглолт гээд миний оролцохгүй юм байхгүй. Өрсөлдөөнд ялагдвал уйлна. Ялалт байгуулвал бөөн баяр болно. Би ялах нь чухал гэхээсээ илүү багш нараа баярлуулах, тэдэнд магтуулах, аав ээжийгээ баярлуулах тэр мэдрэмж л их чухал байсан санагдана.

Би онгироо хүн биш. Гэхдээ би гэж бардамнах нэг л зүйл надад байдаг. Өнөөг хүртэл амьдрахдаа үргэлж бусдын төлөө явж, олсноо олонтойгоо хуваалцаж ирсэн. Магадгүй айлын том охины сэтгэл, амьдралын хатуу хөтүүг багадаа үзэж туулсантай холбоотой чанар байх. Энэ л надад байдаг хамгийн үнэт чанар гэж боддог.

-Гуравдугаар ангиасаа алдрын оргилд хүрсэн охин мэргэжил сонголтоо яаж хийсэн нь сонин байна? Энэ тал дээр та хувь заяаныхаа эзэн байж чадсан уу?

-Чадсаан. “Найрамдал”-ын он жилүүдээс багш л болно гэсэн эргэлзээгүй сонголтыг анх амарсан жилээ л шийдчисэн байсан юм. Багш болоогүй бол өөр ямар мэргэжил эзэмшиж, одоо юу хийгээд явж байхаа одоо ч төсөөлж чаддаггүй.

-Та чинь Эрхүүгийн их сургуулийн бүтээгдэхүүн байх шүү?

-Эрхүү хотын багшийн их сургууль, Түүхийн багшийн анги. Уг нь эвлэл, пионерт ажиллаж байсан гэдгээрээ Комсмолын дээд сургууль авсан юм. Алтан Москва явна гэж хөөрч байтал арын хаалга ороод Эрхүүгийн их сургууль болгочихсон байдаг юм. Яг томилолтоо бичүүлэх гээд очтол ИГПИ гэдэг дөрвөн үсэгтэй томилолт өглөө. Учрыг нь лавлатал чи чинь шүлэг ном уншдаг их авьяастай хүүхэд байна лээ ш дээ, төгсч ирэхээр чинь “Залуучуудын үнэн” сонинд ажиллуулахаар шийдээд энэ сургууль руу явуулж байгаа юм гэж хөдөөний учраа мэдэхгүй охиныг ёстой л нэг хөөрхөн хуурсан байдаг юм. Тэглээ гээд төгссөн сургуулиа голдоггүй, хувь заяа байсан гэж билэгшээдэг дээ.

-Гэхдээ л Комсмолын дээд сургуульд сурсан бол гэж харамсах үе байна биз?

-Москва бол Москва. Тийм үе гарнаа. Гэхдээ нөгөө талаар Эрхүүд төгссөндөө баярладаг юм. Нэгдүгээрт, сургалтын чанар сайн. Оросын бүх сургуулиудаас хамгийн чанга хатуу шаардлагатай нь Эрхүүгийн их дээд сургуулиуд байсан юм. Ялангуяа монгол оюутнуудыг потенциал сайтай гээд шалгалтаа сайн өгвөл дунд, дунд өгвөл муу дүн тавьдаг байсан юм. Ю.Цэдэнбал агснаас авахуулаад П.Жасрай гуай хүртэл шилдэг оюутнууд сурч байсан, тэр утгаараа монгол оюутнуудын тухайд өндөр босго тогтсон байсан юм шиг одоо санагддаг. Энэ утгаараа орос “школ”-д ёстой жинхэнэ чанагдсан. Хоёрдугаарт, намайг Эрхүүд 5-р курсдээ орох жил Орост перестройка  эхэлж, Комсмолын дээд сургууль хаагдаж, хэрвээ би авсан сургуульдаа явсан бол нэг анги байх байсан одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Баярцогт эд нар өөр хотын сургуульд шилжиж, сургуулиа дүүргэж байсан юм. Ийм хоёр фактыг бодоход Эрхүүд очсон нь хувь заяаны бэлэг байсан.

Үг гэдэг хүчтэй. Тэр шөнөө сургуульдаа эргээд оччихсон байна гэж зүүдлээд л, маргааш нь Холбоон дээр очиж багштайгаа ярилаа. Тэр чинь дөрөвдүгээр сар. Нэг хичээлийн жил дуусах дөхчихсөн гэсэн үг. Тэгээд хичээлээ нэлээн удаан тасалчихлаа, яваад очвол яах бол, эсвэл жилийн чөлөө авч болох уу гэтэл өөдөөс, Цогзолмаа, бид чиний амьдралыг маш сайн ойлгож байна, чи бол манай шилдэг оюутнуудын нэг, хүссэн цагт чинь сургууль чинь хүлээж авахад бэлэн гэж байна. Нэг юм дээшээ огшоод л явчихаж билээ

-Та сая хүүхэд насны хоёр дурсамж бүхэл амьдралын минь тод мэдрэмж, хувь заяаны эргэлт болсон гэж ярьсан. Хоёр дахь нь юу байсан бэ?

-Ээжийгээ алдсан явдал. Тэр өдөр л залуу нас минь дуусчихсан юм шиг санагдаж билээ. Тэр чинь гуравдугаар курс, том охиноо төрүүлчихсэн байсан үе. Таван эрэгтэй дүү, аавыгаа харахаар өр эмтрээд явчихна. Хамгийн бага дүү маань дөнгөж зургаан настай. Тэгээд бодож санах ч юмгүй, Ховдын Багшийн дээдэд шилжиж сурахаар шийдлээ. Нэг өдөр байрныхаа гадаа охиноо салхилуулж байтал Ховдын багшийн дээд сургуулийн ректор Жадамбаа гээд манай байрны хөрш, их мундаг хөгшин бий, тэр хүнтэй дайралдлаа. Чи нөхөр хичээл номоо яасан хүн бэ, буцаагүй байгаа юм уу гэж байна. Шилжиж суралцахаар шийдсэнээ хэлсэн чинь, үхсний хойноос үхдэггүй юм, нэгдүгээрт, хэдэн дүү нар чинь эрүүл саруул байж байвал амьдраад явчихна. Чи огт ингэж болохгүй, Монгол улсад, энэ нутаг орондоо хэрэгтэй хүн. Явах хэрэгтэй. Би дуртайяа чамайг сургуульдаа авна. Гэхдээ хилийн наана, цаана төгсөх хоёр тэнгэр газар шиг ялгаатай шүү. Таван өнчин дүүгээ олигтойхон шиг авч явъя гэж бодож л байвал чи эхлээд талхныхаа захад хүрэх хэрэгтэй гэж ёстой л хэрэгтэй цагт үнэн хатуу үгийг хэлсэн дээ.

Үг гэдэг хүчтэй. Тэр шөнөө сургуульдаа эргээд оччихсон байна гэж зүүдлээд л, маргааш нь Холбоон дээр очиж багштайгаа ярилаа. Тэр чинь дөрөвдүгээр сар. Нэг хичээлийн жил дуусах дөхчихсөн гэсэн үг. Тэгээд хичээлээ нэлээн удаан тасалчихлаа, яваад очвол яах бол, эсвэл жилийн чөлөө авч болох уу гэтэл өөдөөс, Цогзолмаа, бид чиний амьдралыг маш сайн ойлгож байна, чи бол манай шилдэг оюутнуудын нэг, хүссэн цагт чинь сургууль чинь хүлээж авахад бэлэн гэж байна. Нэг юм дээшээ огшоод л явчихаж билээ. Тэгээд л аавдаа хэлж, аав минь хэдэн хонь зах дээр борлуулж, зардлаас гадна халаасандаа хэдэн төгрөгтэй Эрхүүд очсон. Шалгалт дөхчихсөн байсан үе, ёстой сайн хүмүүс, багш, анги хамт олныхоо хүчээр жил алдалгүй сургуулиа төгссөн дөө. Амьдралд минь учирсан олон сайхан хүмүүсээс одоо хүртэл энэ сайхан бууралд хамгийн ихээр талархаж явдаг даа. Хүний амьдралд учрах сайн хүмүүс гэдэг хувь заяаг зөв тийш нь эргүүлэх, бүхэл амьдралыг өөрчлөх ид шидтэй байдгийг энэ жишээнээс ойлгож, хувь заяа гэдэгт итгэдэг болсон доо.

-Ёстой сэтгэл хөдөлгөм сайхан түүх байна. Одоо дүү нар чинь хаана юу хийцгээж байна вэ?

-Бүгд амьдралд хүрч, бие даацгаасан. Хоёр жилийн өмнө бага дүүгээ тусад нь гаргаснаар эгчийн үүргээ бүрэн биелүүлж, аав ээжийнхээ өмнө нүүр бардам боллоо гэж сэтгэл амарсан. Миний хувьд онгирч болох, толгой дээгүүр явж болох нэг том шалтгаан энэ гэж боддог юм.

-Ер нь хүний агуу чанар, хүн байхын үнэ цэнэ юунд байдаг гэж та боддог вэ?

Бусдад амьдрал бэлэглэх шиг, бусдад хэрэгтэй амьдрах шиг том хүндэтгэл, баялаг гэж байдаггүй юм биш үү. Хэдэн дүү нараа харахаар ийм л сэтгэгдэл төрдөг юм. Нүцгэн ирээд нүцгэн буцах хорвоод өөртөө үнэн байж, хүнд хэрэгтэй, амьдралын даваа нугачаа, сорилт шалгалтанд унаж ойчихгүй нэр төртэй амьдрах асуудал бол мөнгө хөрөнгө, эд баялагтай харьцуулах аргагүй бардамнал юм билээ. Ээжгүй амьдарсан он жилүүд, үзэж туулсан минь ийм их үнэт ухаарал надад өгсөн. Энэ надад оногдсон хувь тавилан, миний л туулах амьдрал минь гэж хайрлаж явдаг юм. Амьдрал бурханы зурсан зургаар явдаг гэж үнэн шүү дээ.

-Амьдралын өмнө өмнө бууж өгөх, мухардах үе хүн бүхэнд тохиолддог гэдэгтэй маргах юм алга. Ийм үед та ямраар өөрийгөө тайвшруулж, нөхцөл байдлыг давж гарах хүчээ хаанаас авдаг вэ?

-Дотоод сэтгэлийн хүч, хувь хүний хандлага маань зөв сайхан гэж боддог. Энэ нь Цогзолмаагийн сайных биш, ээж аавын минь надад өгсөн онцгой бэлэг юм. Тэр нэг сэтгэлийн чанар, зөв хандлага энэ тэр чинь олдмол гэхээсээ илүү заяагдмал мөн чанар байдаг юм шиг ээ. Хувь заяандаа, ер нь бүхий л зүйлд гомдоллохгүй байх, чанга хатуу байх, эцэж цуцашгүй бүр цөхрөлтгүй өөдрөг байх зэрэг минь амьдралд болоод улс төрийн орчинд тохиолдсон олон сорилтуудын өмнө хүнээрээ үлдэх, өвдөг сөхрөхгүй байх маш сайн хөрс болж ирсэн. Хэрэв тэвчээргүй, хүлээцгүй байсан бол өдийд ингэж явахгүй аль нэг газар сөхрөөд ойччих байсан гэж өөрийгөө тоох үе байдаг л юм. Тэгээд ер нь ямар ч хүн зовлон даах чадвартай байдаг аа. Бараг амьтных нь зөн байх. Харин жаргал даах, хайр даах, хөрөнгө мөнгө, албан тушаал, эрх мэдэлтэй байх зэрэгт бол ихэнх нь л бүдэрч ойчоод байх шиг. 

Хүний мөн чанар нь амьтанлаг, адгууслаг учраас ёс зүйг хүмүүжлээр, хуулиар хэм хэмжээг нь тогтоож, барьж байдаг. Энэ ч алдагдаж байх шиг.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Нөхөр, дөрвөн хүүхэд, таван ач зээтэй. Нөхрийг маань Саранжав гэдэг. Цахилгааны инженер мэргэжилтэй сайхан хархүү бий. Цогзолмаагийн нөхөр гэдэг малгайг нь аваад хаячихвал мэргэжлийн хүрээндээ маш чадварлаг, үнэтэй мэргэжилтэн. Эр хүний сайхан чанар, монгол ёс жудаг дүүрэн жинхэнэ мужик гэж дотроо ханиараа бахархаж явдаг юм. Өөрт нь нэг их хэлээд байдаггүй, хэвлэлээр дамжуулаад нэг сайн магтчихъя /инээв/. Хүүхдүүд маань бусдын л жишгээр хувийн асуудлаа эмхэлж цэгцлэх, өрх тусгаарласан нь жижиг бизнес, ажил хэрэг эрхлэх гэх мэтээр цаг хугацааны жам, голдирлоороо яг л төлөвших үедээ явцгааж байна.

-Улс төрд хүчтэй тоглогч байхад хөрөнгө мөнгөтэй байх нь чухал үзүүлэлт гэх нь бий. Эдийн засгийн утгаараа та хэр баян хүн бэ?

-Хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэдэг байх аа. Угаасаа нөхөр бид хоёр хоёулаа төрд алба хашиж ирсэн хүмүүс. Аж ахуй эрхэлж, мөнгө хурааж хуримтлуулахын төлөө ажиллаж, амьдарч байсангүй. Мөнгийг хэрэглээний түвшинд л ойлгодогоос баялаг гэж боддоггүй. Шаардлагатай үед ээж аав, өндөр настандаа үзүүлчих хэрэглээний таван төгрөгийн хуримтлалтай, тав тухтай амьдрах орон байртай алтан дундаж түвшинд амьдарч байна. Улс төрд мөнгө хөрөнгөтэй  байх нь чухал үзүүлэлт гэж ер бодохгүй байна. Өөрийнхөө сул талыг дөвийлгөж байгаа хэрэг огт биш шүү. Магадгүй хувийн эрх ашгийн үүднээс лобби хийх эсвэл сонгогчдын санал худалдаж авахад их хөрөнгө мөнгө хэрэгтэй байж болох юм. Жинхэнэ цэвэр улс төр хийхэд, бодлого боловсруулж, хууль батлалцахад их мөнгөний хэрэг гэж байх уу?

Мөнгөөр мэдлэг боловсрол, хүн чанарыг худалдаж авч болдоггүйг их сайн мэдэх юм. Наадах чинь улс төр, бизнес хоёрыг нэг зоосны хоёр тал болгосон, хувийн эрх ашиг болоод амбиц ихтэй, хөрөнгө мөнгөгүй бол хувь мөн чанараараа нийгэм олон нийтийн өмнө гайхуулах, бахархах юмгүй хүмүүст л хамаатай ойлголт байх гэж харж байна. Улс төрд хамгийн чухал чанар бол ёс зүйтэй, зарчимтай хувь хүн байх явдал гэж би хувьдаа боддог. Харамсалтай нь монгол төрд энэ зүйлс улам л үнэ цэнэгүй болоод байна. 

-Та ёстой загатнасан газар маажлаа. Маш том, чухал сэдэв. Харамсалтай нь бид, энэ үеийнхэн ёс зүй, ёс суртахуун гэж юу болох талаар мэдлэггүй болчихсон юм шиг санагддаг болоод байгаа. Таныхаар жишээ нь ёс зүй гэж юу юм?

-Бараг хүний чанар гээд хэлчихэд хэт сүржигнэсэн болохгүй байх. Хүн бол эцсийн эцэст амьтан шүү дээ. Энэ амьтанлаг оршихуйгаас зааглаж байгаа тэр зүйл чинь оюун санаа, түүнээс үүдэлтэй ёс суртахуун, ёс зүй юм. Уг нь бид ёс зүйн тал дээр маш хатуу чанга, тогтсон ойлголттой, өөрийн гэсэн дэг жаягтай байсан ард түмэн. Харамсалтай нь ардчилалын салхинд энэ мэт үнэт зүйлс маань бүдгэрч алга болж байна. Сав л хийвэл ардчилал, хүний эрх, эрх чөлөө ярьж, хүний ёсноос гажууд үйлдлээ хүртэл энэ бамбайн дор хаацайлдаг болж. Ардчилал гэж хогийн сав биш баймаар. Ардчилал нэрийн дор анархизм газар аваад байна уу л гэж харагдах юм. Бидэнд одоо ёс зүй, ёс суртахууны ямар ч стандарт, код гэж юм үгүй болчихсон юм шиг. Хэн юу хийх нь хэнд ч хамаагүй, энэ чинь эрх чөлөөт нийгэм гэж ч байх шиг. Уг нь бол чиний эрх миний эрхээр хязгаарлагддаг гэх ардчилалын үндсэн үнэт зүйл болсон зүй тогтлын цаана чухамдаа ёс зүйтэй, зөв амьдрах шаардлага нуугдаж байдаг юм шүү дээ.

Хүний мөн чанар нь амьтанлаг, адгууслаг учраас ёс зүйг хүмүүжлээр, хуулиар хэм хэмжээг нь тогтоож, барьж байдаг. Энэ ч алдагдаж байх шиг. Ад үзээд байдаг социализмын үед гэхэд гэр бүлийн тогтворгүй хүмүүсийг намаас хөөж, нутаг зааж нэг ёсны цөлдөг байв. Энэ гэхэд л хүнийг ёс суртахуунтай, ёс жудагтай байлгах гэсэн нэг оролдлого байж. Энэ чинь хүний эрхийг боогдуулж, боомилж байгаа юм  биш энэ нийгмийг, энэ хүмүүсийн бөөгнөрлийг зөв зүй тогтолтой, эмх журамтай, цадигтай байлгах гэж тогтоосон стандарт байсан юм биш үү. Энэ мэт хувь хүний ёс зүй ярихгүйгээр улс төрийн, төрийн ёс зүй ярих боломжгүй.      

-Энэ тал засалт биш шүү, танд ёстой алга ташин баяр хүргэмээр санагдчихлаа. Ард түмнийхээ идеологич нь байх ёстой улс төрчид энэ талаар ам ангайдаггүй. Та ингэж ярих зоригтой, сэтгэлтэй байгаа нь сайхан. Гэхдээ нэг асуулт байна. Бодит амьдрал дээр та энэ үзэл бодолдоо хэр тууштай, үнэнч байж чаддаг вэ? МАН-ын томоохон толгой лидерүүдийнх нь нэг, Эмэгтэйчүүдийн холбооных нь тэргүүний хувьд та нам дотроо энэ байр сууриа илэрхийлж, дуу хоолойгоо хүргэж чаддаг уу? Жишээ нь нэр дэвшүүлэлт дээр та болоод танай нам ёс зүйн стандарт босгыг тавьж чадсан уу?

-Наадах чинь улс төрч хүний хувьд хариулахад адармаатай асуулт байна. Гэхдээ хариулах гэж оролдъё. Манай намын олон жилийн түүхээс харахад энэ тал дээр харьцангуй хатуу байр суурьтай байж ирсэн. Гэвч үргэлж олон нийт, сонгогчдын сэтгэлд бүрэн нийцэх сонголт хийх хэцүү. МАН олон жилийн түүхтэй, боловсон хүчин сайтай нам. Энд төр түшилцэх хэмжээний туршлагатай, өндөр боловсролтой хүмүүс олон байгаа. Намын дотоод дүрэм, хуулийн дагуу нэр дэвшигчидээ сонгосон болохоор ёс зүйн тал дээр бусад намууддаа үлгэр жишээч нам гэж бодож байна.  

-Шуудхан л асууя, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Цэдэнбалын Цогзолмаа энэ талбарт юугаараа илүүрхэнэ гэж та бодож байна вэ? Ёс зүйн талаар зоригтой ярьж чадаж байгаа учраас таныг ёс зүйтэй хүн гэж итгэж байна. Гэхдээ энэ нь таныг сонгох цорын ганц шалтгаан биш шүү дээ. Яагаад таныг сонгох ёстой гэж та бодож байна вэ?

-Нэгдүгээрт, итгэл үнэмшил минь намайг ийшээ хөтөлсөн. Төрийн доод шатны байгууллагаас авахуулаад Дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч хүртэл төрийн бүх шатанд алба хашиж байсан учраас өөрийгөө зохих түвшинд бэлтгэгдсэн хүн гэж тоодог. Өрөөлийн өмнө хариуцлага хүлээх бүрэн чадвар байгаа гэдэгт зуун хувь итгэж байна. Хоёрдугаарт, нам, журмын нөхдийн даалгавар, надад өгсөн итгэл байна. Дээр нь Сүхбаатар дүүрэгт би харь хүн биш. Засаг даргаар нь ажиллаж байхдаа ёстой унтах нойр, идэх хоолоо хагаслаж хашаа хорооных нь хогийг арилгаж, ажил амьдралд нь хутгалдаж явсан он жилүүд нүдний өмнө жирэлзэж байна. Энэ дүүрэгт юу хэрэгтэй, иргэдийнх нь төлөө би юу хийх ёстойгоо хэнээс ч илүү мэдэж байна.

Миний хувьд улс төрчийн ийм ноён нуруутай байхыг Засаг даргаас огцорсон тэр өдрөөс өөртөө бий болгож эхэлсэн юм. Огцрох, огцруулах гэдэг чинь хоёр талын зөрчил дундаас бий болдог зүйл.

-Гэхдээ л та өнгөрсөн сонгуулиар Сүхбаатарт өвдөг шороодсон шүү дээ?

-Улс төрд энэ зэргийн зүйлийг ялагдал гэж харж болохгүй ээ. Энэ чинь ялалт, ялагдал, уналт босолт ээлжилж байдаг ертөнц ш дээ. Яг л хүний  амьдрал шиг. Магадгүй тэр ялалт миний ялагдлын эхлэл цэг ч байсан юм билүү.   

-Та ч эмэгтэй хүн гэхэд зоригтой юм. Бахархах сэтгэл төрчихлөө. Тээр жил Сүхбаатар дүүргийн Засаг даргаас дуулиан шуугиантайгаар огцорч байхдаа олон юм ярьж, уйлж дуулж гоншигноогүйг чинь хараад бяцхан бахархах сэтгэл төрж байсныг нуух юун. Ингэхэд яагаад таныг Засаг даргаас огцруулчихсан юм бэ?

-Албан тушаалд томилогдох, тэндээс буух, огцрох энэ тэр чинь улс төрийн хүрээнд эмзэглэж, гайхаад байхаар зүйл биш шүү дээ. Өөрөөр хэлбэл улс төр хүнээс бүх зйлд бэлэн байхыг шаарддаг юм. Огцорч, ялагдаж байна гэж уйлж дуулах, албан тушаалд оччихлоо гэж хөөрч, сансарт нисэх аятай болох нь улс төрч хүнд байх ёсгүй чанар юм ш дээ. Тэгээд ч энэ орчинд цэвэр нэртэй үлддэг улс төрч ховор.

Миний хувьд улс төрчийн ийм ноён нуруутай байхыг Засаг даргаас огцорсон тэр өдрөөс өөртөө бий болгож эхэлсэн юм. Огцрох, огцруулах гэдэг чинь хоёр талын зөрчил дундаас бий болдог зүйл. Би огцрох шалтгаантай, нөгөөдүүл маань огцрох шалтгааныг бий болгосон л гэсэн үг.

Бусдаас болж огцорсон, би ямар ч буруугүй энхийн цагаан тагтаа байсан гэж хэлэхгүй. Миний буруу гэвэл улс төрийг бүрэн ойлгоогүй, хэт зарчимч, шударга байсан нь миний алдаа болсон байдаг. Өөрөөр хэлбэл Засаг даргын албан тушаалтайгаа үлдэхийн тулд дүүргийнхээ Иргэдийн хурлын төлөөлөгчидтэй найз байж, тэдэнтэй нэг баг болж ажиллах ёстойг ойлгоогүй байсан. Дүүргийнхээ Иргэдийн хурлын төлөөлөгчийг газар авмаар байна гэж орж ирэхэд нь, та бусдын төлөө сонгогдчихоод өөрийнхөө эрх ашгийг дээгүүрт тавилаа гээд хөөгөөд гаргачихсан. Тэр хүн миний төлөө гараа өргөх үү? Үр дүнд нь улс төр яаж хийдгийг ойлгох маш том сургууль, сургамж болсон доо. Энэ нь цаашид албан тушаалд үлдэхийн тулд найраа хийгээд ч болов явна гэсэн үг биш. Улс төрд анхнаасаа багаа зөв бүрдүүлж, зарчмаа зөв тохирч, тоглоомын дүрмээ ойлгомжтой болгох ёстой байдгийг маш сайн ойлгосон. Энэ бүхэнд хаттай, уужуу байж чадсан учраас, намайг огцруулсан нь шалтгаан биш шалтаг байсан учраас дараагийн албан тушаалд очсон. Үнэн хэзээд ялдаг юм билээ.

Бардамналын тухайд их өөр юмаар бардамнаж явдаг. Сайхан аав ээжийн эрүүл саруул охин болж төрсөндөө, дүү нарынхаа төдийгүй хамт олон, эргэн тойрныхоо хүмүүст хэрэгтэй хүн байгаадаа, улс төрийн орчинд хүртэл өөртөө үнэнч үлдэж чаддагтаа, нэг их өндөр хэрэглээ, өндөр албан тушаал, сэнтийгүй эгэл жирийн амьдарч чаддагтаа дотроо их бардам явнаа

-Ингэхэд Ховд аймагт Скаутын хөдөлгөөнийг санаачилсанаас авахуулаад Сүхбаатар дүүргийн засаг дарга байхдаа нэг цонхны үйлчилгээг санаачилсан нь улс орны хэмжээний шинэ санаа, идеа болсон гээд уг нь гайхуулах юм танд их байдаг юм билээ. Шинэ санаа үйлдвэрлэгч, идеологич байх нь улс төрд, төрд маш үнэт чанар. Энэ бүхэн таны бардам байх нэг шалтгаан байх, тийм үү?

-Идеологич гэж та намайг арай л хөөргөж байна. Хувьдаа тэгж боддоггүй дээ. Гэхдээ баярлалаа. Би ингэсэн, би тэгсэн гэж цээжээ дэлдэх нь лав миний араншин биш. Гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой байх. Гэхдээ хүний ой санамж богино, олон долгионтой учраас хийсэн зүйлээ, болсон явдлыг тодорхой түвшинд ярьж, ойлгуулж байх хэрэгтэйг сүүлийн үед их сайн ойлгоод байгаа. Бардамналын тухайд их өөр юмаар бардамнаж явдаг. Сайхан аав ээжийн эрүүл саруул охин болж төрсөндөө, дүү нарынхаа төдийгүй хамт олон, эргэн тойрныхоо хүмүүст хэрэгтэй хүн байгаадаа, улс төрийн орчинд хүртэл өөртөө үнэнч үлдэж чаддагтаа, нэг их өндөр хэрэглээ, өндөр албан тушаал, сэнтийгүй эгэл жирийн амьдарч чаддагтаа дотроо их бардам явнаа.

-Намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж байгаагийн тань хувьд асуух асуулт байна. Улс төрийн рингэн дээр эмэгтэй хүн эрчүүдээс 10 дахин их хүч хөдөлмөр зарж байж амжилтанд хүрдэг гэх бичигдээгүй хууль бий. Над шиг хүйсийн ялгаа биш хүний чанар л чухал гэж үздэг humanist үзэлтэй хүнд тун ч гунигтай сонсогддог үгсийн нэг. Үүний учир шалтгаан нь юу гэж та боддог вэ?

-Гоё асуулт байна. Улс төрд эр, эм хүйсээс хамаарсан ямар нэг хөнгөлөлт, бонус гэж уг нь байх ёсгүй. Гэвч яагаад ч юм таны хэлдгээр эмэгтэйчүүд эрчүүдээс илүү боловсрол мэдлэгтэй, төлөвшил, ёс зүйтэй ч яг энэ бодит үнэлгээгээрээ улс төрд товойж чаддаггүй нь үнэн. Тэглээ гээд би эмэгтэй хүн, тиймийн учир намайг харж үзээч, намайг сонгооч гэж гуйх ёсгүй гэсэн нэг бардамнал бас байна. Бид одоо өөрсдийгөө бэлтгэж, харуулж, ойлгуулах ёстой. Ийм цаг ирсэн гэж би харж байгаа. Эмэгтэйчүүд бид өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй байна. Өрөвдүүлэх сэтгэлгээгээр улс төр хийх цаг биш. Нэгэнт энэ ертөнцийн хууль, жаяг нь патриарх юм хойно бид энд бид дасан зохицож, эвлэрч л амьдрах хэрэгтэй болж байх шиг.

-Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй гэж нэг яриа байдаг. Энэ хэр үнэний ортой дүгнэлт гэж та боддог вэ?

-Би ер нь эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэж ярих дургүй. Хүйсийн ялгаа биш хүн чанарын ялгаа л гэж байдаг гэж та сая их гоё хэлсэн шүү дээ. Наад яриа чинь бол дутуу дулимагийн комплекстой холбоотой жөтөөч зан төлөвтэй илүү хамаатай болов уу. Өөрөөр хэлбэл тэр хүн эмэгтэй байснаараа эмэгтэй хүнээ дэжихгүй байгаа юм биш харин тэр эмэгтэй шиг өндөрлөгт хүрээгүйдээ атаархаж байгаа хэрэг гэх юм уу даа. Энэ талаар нарийн ярьвал их юм тайлбарлах шаардлагатай болноо.  

-Сүүлчийн асуулт. Та хэрвээ УИХ-д сонгогдвол сонгогчиддоо юу амалж чадах вэ?

-Би ёс зүйн хувьд үзэл бодолдоо үнэнч, тууштай, хөдөлмөрч, хоёргүй сэтгэлээр төрийн ажилд зүтгэдэг мөн чанараараа иргэддээ нээлттэй байж, залуу хойч үеийнхэндээ үлгэр дуурайлтай улс төрч байж чадна. Төрт ёсоо дээдлэх төлөвшил, амьдралын ухаанд минь иргэд, сонгогчид маань итгэж байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

 

Өмнөд Солонгост шинэ үеийн "шингэн" робот бүтээжээ

12 цаг 8 мин

"Дэлхийн уран гулгалтын одод Монголд" Уран гулгалтын шоу тоглолт

15 цаг 11 мин

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр

Уржигдар 15 цаг 42 мин

ХҮН хүч хавсрав

Уржигдар 15 цаг 42 мин

Хотын даргаа хотын соёлд сургамаар байна

Уржигдар 15 цаг 20 мин

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Уржигдар 14 цаг 21 мин

Шинэ Монголын баячууд, өв залгамжлагчид “Minister tower”-т тухалж байна

Уржигдар 12 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 26 мин

Нүхтийн амны 10 га газар орон сууцны хороолол болсон түүх буюу Ж.Бат-Эрдэнэ гишүүний газрын нууц наймаа

Уржигдар 08 цаг 00 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Шинэ Монголын баячууд, өв залгамжлагчид “Minister tower”-т тухалж байна

Уржигдар 12 цаг 21 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Нүхтийн амны 10 га газар орон сууцны хороолол болсон түүх буюу Ж.Бат-Эрдэнэ гишүүний газрын нууц наймаа

Уржигдар 08 цаг 00 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

ХҮН хүч хавсрав

Уржигдар 15 цаг 42 мин

Хотын даргаа хотын соёлд сургамаар байна

Уржигдар 15 цаг 20 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 26 мин

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Уржигдар 14 цаг 21 мин

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр

Уржигдар 15 цаг 42 мин

Өмнөд Солонгост шинэ үеийн "шингэн" робот бүтээжээ

12 цаг 8 мин

"Дэлхийн уран гулгалтын одод Монголд" Уран гулгалтын шоу тоглолт

15 цаг 11 мин

Сурталчилгаа