Н.Наранбаатар: Нууц амрагийн цаана хүн чанар оршиж ч болох юм

Н.Наранбаатар: Нууц амрагийн цаана хүн чанар оршиж ч болох юм

2012 оны 12 дугаар сар

Авьяас бол сайхан сэтгэл, хүн чанар юм

Одоогоос гурван жилийн өмнө юм уу даа, түүнтэй ярилцлага хийчихээд, ертөнцийг нь бага сага мэдэрчихээд авьяас бол сайхан сэтгэл, хүн чанар юм байна гэж бодсоноо нуух юун. Ийм бодол тээхэд хүргэсэн эрхэм бол найруулагч Н.Наранбаатар. Сэтгүүлдээ нэг сайхан ярилцлага авахсан гэж бодож явсаар жил тойрч, өнөөдөр уулзлаа. Агуу их Гамлетыг тайзнаа амилуулсан хойно нь уулзах ёстой байж гэж бодогдох. Улсын драмын эрдмийн театр хэмээх их айлын ерөнхий найруулагчийн суудалд томилогдоод удаагүй байгаа тэр өдгөө цэл залуухан 38 настай. Нас бол тоо болохоос нас дагасан ухаан, туршлага гэх мэт нь ердөө зөвтгөл төдий юм гэдгийг тэрээр найруулагчийн ажлуудаараа нотлох мэт санагддаг. Дөч хүрээгүй насандаа агуу их Гамлеттай зүрх гарган “ноцолдож”, тэр нь амжилт дагуулсан тохиолдлыг би лав мэдэхгүй. Магадгүй дэлхий уудам учраас ганц хоёр байдаг байж болох л доо. Ойрын жишээ хойд хөрш Орос, үлгэр дуурайл авах дуртай Америкт цагийн цагт театрын нэр төрийг тодорхойлж, найруулагчдын бяр тэнхээ шалгаж ирсэн Гамлетыг тавьж, тэр нь амжилтад хүрсэн л бол маргааш нь шууд Төрийн шагнал, Америкт бол ардын баатар, стар боллоо гэсэн үг. Манайхан харин яаж хандсан юм бол оо? Нөгөө үнэгүйдээд, гудамжинд гарах дөхөөд байгаа Төрийн дээд шагнал нь нүдээ олдоггүйн нот жишээ энэ гэлтэй.

За ийм хэрүүлийн чанартай, гомдлын агуулгатай дэмий үгс ч яамай. Тэртэй тэргүй тэр шагнуулахын төлөө бус бүтээхийн төлөө бүтээж туурвиж, хөдөлмөрлөдөг ясны уран бүтээлчдийн нэг. Магтаал гэж бүү бодоорой, тэр бурханаас биднийг энэ цаг үед гэгээрүүлэх, сайхан сэтгэл, амьдралын ёс суртахуун, хүн чанарыг урлагаар дамжуулан ойлгуулах даалгавар авч ирсэн мэт санагддаг аа. Гэхдээ яагаад ч юм ахуйн аар саар юмс, эгэл амьдралын хүрд түүний ертөнцийг жаахан мохоочихоо юу гэсэн бодол төрсөн. Энэ нь ч би ярилцлагаараа дамжуулан түүнээс хүссэнээ тултал авч чадаагүй гэсэн дундхан бодол тээхэд хүргэсэн байж болох талтай. Ямартай ч түүний ертөнцөөр аялахыг урьж байна.

-Агуу их Гамлетын дараа л таньтай уулзах учиртай байсан учраас л ярилцлага авъя гэж жил тойрон ярьсаар өнөөдөр уулзаж байх шиг. Та хувь тавилан, зайлшгүй төөрөгт хэдэн хувьтай итгэлээ өгдөг вэ?

-Хувь тавиланг хүн өөрөө бүтээдэг гэж амьдралын мөн чанарыг илүү таньсан, гэгээрсэн хүмүүс хэлдэг. Харин би хувь тавиланг бурхан өгдөг гэж үздэг хүн. Жишээ нь, “Эдиф хаан” жүжиг хүн хувь заяаны тойрог, зурсан зургаас хазайх гэж оролдоод ч чаддаггүй гэсэн санааг илэрхийлдэг шүү дээ. Харин зураг төөргөө даалгүйгээр хазайх тохиолдол байж болох юм. Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хүртээдэг гэдэг шиг бурхан хүн бүрт сайхан хувь тавилан оноодог, харин дааж, зөв чиглүүлж явах эсэх нь хувь хүнээс шалтгаалдаг юм болов уу. Буддын сургаалд эхлээд зөв сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй, зөв сайхан сэтгэлтэй байж чадвал зөв үйлдэл гарна, зөв үйлдэл, зөв сэтгэлийн ард зөв үйлийн үр оршино гэж сургадаг. Би үүнд туйлаас итгэдэг.

-Сонгодог зохиол, гүн философийг нийт ард түмэнд ойлгуулах төвөгтэй л дээ. Та энэ шаналал, бэрхшээлээ ямраар даван туулсан нь сонин байна?

-“Гамлет”-ыг жишээ нь орчин цагт хөрсжүүлэх хэрэгтэй юм байна, хөрсжүүлэхийн тулд модерн чиглэлийг барих ёстой юм байна гэдгийг ойлгосон. Модерн чиглэлд “точность” байхгүй л дээ. Гамлет бол XVII зуунд бичигдсэн зохиол. Тэр зууны үйл явдал, орон зайд хийвэл биднээс холдоно. Гагцхүү сонгодог гэдэг ухагдахуун нь тэр зуундаа, дэг жаягтаа, орон зайдаа биш хамгийн гол нь зохиолын драматургтаа бий. Тиймдээ ч энэ бүтээл зуун зуун дамжин амьдарч ирсэн. Тэр драматургийг нь бариад, хүн байх тухай, хүн ер нь яаж амьдрах ёстой вэ гэдэг үндсэн философи, утга санааг нь гаргах өнцгийг л би олж харсан юм. Хүний оюун санаа гэдэг чухал юм байна, оюун санаа, сэтгэлгээ, сэтгэл гурав хүнийг хүн байлгах үндсэн тулгуур багана юм гэдгийг барьж хийсэн маань энэ жүжиг амжилттай байх үндэс болсон болов уу. Тухайн үеийн Европын улс орнуудыг цайзаар илэрхийлдэг байсан. Хэдийгээр Эльсинор цайзад болж буй үйл явдал ч гэлээ энэ бүхэл улс орны эмгэнэл юм. Хүмүүсийн хувцас хунарыг заавал тэр зууныхаар хийхийг хүсээгүй, орчин цагтай холбож гэхдээ модернаци оруулсан байх жишээний. Хөгжмийн тухайд Сансаргэрэлтэх /хөгжмийн зохиолч Ч.Сансаргэрэлтэх.сурв/ бид хоёр ярилцаж байгаад неоклассик стилиэр хийсэн. Энэ нь ч үзэгчдэд ойрхон буусан.

-Ингэхэд Гамлет чинь танд таалагдсан уу?

-Миний оюуны дээд хэлбэр энэ л мөн, энэ л эцсийн цэг гэж бодсоны дараа үзэгчдэд хүргэсэн. Таалагдаж байгаа. Ер нь аливаа жүжгийн хувь заяа найруулагчаас шалтгаалдаг. Найруулагч өчүүхэн төдий буруу алхам хийхэд тэр жүжиг тэр чигээрээ буруудах ч юм уу. Ялангуяа, Гамлет үеийн үед найруулагчдаараа овоглогдсоор ирсэн бүтээл. Любимовын Гамлет, Козенцовын Гамлет, Мел Гибсоны Гамлет, эсвэл Бранагийн Гамлет гэдэг ч юм уу, үргэлжид найруулагчаараа овоглож, түүгээрээ алдаршиж ирсэн. Яагаад гэвэл Гамлет өөрөө маш олон асуултын тэмдэг юм. Түүнийг хэдэн ч талаас нь ойлгож, хэдэн ч янзаар тайлбарлаж болохуйц баялаг бүтээл. Үндсэн утга санааг нь ойлгож ухаарна гэдэг өөрөө төвөгтэй, ихээхэн туршлага чадвар шаарддаг. Тиймдээ ч үеийн үед том найруулагчид зөвхөн Гамлет хийж бяр тэнхээгээ үзсээр ирсэн. Магадгүй би эрт хийсэн ч байж болох юм. Хүсэл тэмүүлэл байсан. Дээр нь би ер нь найруулагч мөн юм уу, биш юм уу гэдгээ мэдэх гэхдээ Гамлетыг хийсэн. Гамлетыг муу хийвэл, тэр найруулагч дахиж босож ирэхгүйгээр унадаг. Нэг бол чадна, үгүй бол байхгүй болно гэдгийг тулгадаг бүтээл. Дундуур нь байх ямар ч аргагүй.

-Орших уу, эс орших уу гэдэг шиг үү?

-Яг тийм. Нэг бол оршино, эсвэл эс оршино. Асар их хариуцлагатай уран бүтээл. Хийж байхдаа би чамтай ярьж байгаа юм шиг инээгээд суусан үе бараг байхгүй. Маш их шаналгаатай. Нэг хэсэг Гамлетын ертөнцөөс өөрийгөө салгах гэж зовсон шүү. Заримдаа солиорчихмоор ч юм шиг хачин үе зөндөө байсан. Гамлетыг хийхдээ би үнэхээр шавхарсан. Сүүлдээ мангар ч юм шиг, хачин болж эхэлж байгаа юм. Сэтгэл зүйн хувьд “не нормальный” ч юм шиг болох үе ч байлаа. Нуугаад яахав. Эцэст нь уран сайхны зөвлөл Гамлетыг сайшаал, магтаал өндөртэй хүлээж авсан. Хэрэв уран сайхны зөвлөл энэ л арай биш, ингэх байж гэсэн утгатай нэг л үг хэлэх юм бол надад цааш явах тэнхээгүй болтлоо бүхнээ шавхсан байсан. Үнэхээр оюуныг бардаг бүтээл гэдгийг хийж байж л мөн чанараар нь ойлгосон доо.

-Бичсэн Шекспир бүр их шаналж байсан байх даа?

-Шекспир 37-тойдоо 60 настай хүний ухаанаар бичсэн гэх түүхэн баримт бий. Манайхан жар хүрч ухаан ороод, 61-тэйдээ үхнэ гэж ярьдагаас үзсэн ч хүний жаран нас гэдэг амьдралыг ууж дуусаад мөн чанарыг нь ойлгосон, ухаан, бяр ханасан нас юм бололтой. Урд хөрш хэзээ ч жар хүрээгүй хүнийг удирдагчаараа сонгодоггүйн шалтгаан энэ биз. Шекспирийн алдар суу гучтай жаран настны ухаанд байдаг ч юм билүү.

-Гамлетын гайхамшиг, Гамлетын нууц нь үгэн дотор үг, өгүүлбэр дотор хэдэн салаа санаа агуулагдаж байдагт, нэг өгүүлбэрийг сайнаар ч, муугаар ч тайлбарлах боломжтойд оршдог гэж уншиж байснаа санаж байна.

-Үгэн дотор нь хэд хэдэн санаа байдаг, тэр чигээрээ асуулт дүүрэн бүтээл. Тэр чигтээ философи. Ийм л юм байна гэсэн тодорхой зүйл байхгүй. Хаашаа ч эргэж болно. Нэг эвгүй гишгэвэл халтирч ч болох. Чигийг нь буруу алдуулвал бүр байхгүй болж, баримжаагаа алдана. Гамлетын мөн чанар ерөөс хаашаа ч эргэж болохоор, гагцхүү зөв өнцгийг нь олж харж, түүнийгээ бат нот хамгаалахгүй бол бас хаашаа ч мушгиж болохоор төвөгтэй асуулт дүүрэнд оршдог юм билээ /бодлогошров/. Үнэхээр их шаналж, тэнхээгээ барсан шүү.

-Угаасаа авьяасын нэг хэсэг нь ганцаардал, асгарсан их шаналал байдаг гэдэг байх аа. Та шаналал, ганцаардлаа юугаар тайтгаруулдаг вэ?

-Бүтээлээрээ. Тэр бүтээлийн дараа ирэх үзэгчдийн алга ташилтаас үгээр хэлэх аргагүй их энерги, аз жаргал амталдаг. Уран бүтээл хийж байх үе үнэхээр хэцүү, тарчлаантай. Уран бүтээл амжилттай болоод хүлээн зөвшөөрөгдвөл алга ташилт ирнэ. Тэр алга ташилт надад нэг тийм гоё, гайхамшигтай мэдрэмж төрүүлдөг. Аль ч жүжиг найруулагчийн ертөнцөөр хийгддэг гэж үзвэл миний ертөнцөөр Гамлет амилж, тэр ертөнц дотор авьяаслаг уран бүтээлчид дүрээ бүтээж, миний зохиомж дотор амьдардаг нь, би хашгираад ч хэлж чадахгүй үзэл бодлоо зөвхөн тэр уран бүтээлээрээ дамжуулж гаргаж тавина гэдэг л гайхалтай. Энэ бол ямар ч уран бүтээлчийн шаналал, ганцаардлынхаа эцэст авдаг том аз завшаан гэж би боддог.

-Эсмеральдагаар та найруулагчдын толгой дээр цахиур хагалсан гэж би боддог. Хүлээн зөвшөөрөгдөх анхны тасалбар чинь ч Эсмеральда байсан болов уу. Тэгтэл хоёр сонгодог том жүжгийн чинь гол дүрүүд нь нөгөө л Болд-Эрдэнэ, нөгөө л Уранчимэг байх. Хүмүүс харахдаа нэг анги учраас, нэг хамтлаг учраас энэ л сонголтоо хийдэг гэж ойлгоод байх шиг.

-Би тэр үед хоёрдугаар найруулагч байсан юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн тэр уран бүтээлийг л чанартай, сайн хийх үүрэгтэй, үүний тулд хэн чадах вэ, хэн чадахгүй вэ гэдэг зөвхөн уран бүтээлчийн, найруулагчийн үүднээс харж өөрийнхөө багийг бүрдүүлсэн. Харин ерөнхий найруулагч бүхий л уран бүтээлчдээ аль болох өргөнөөр хамруулах талыг баримтлах ёстой. Гамлетын тендерт ялах үед би ерөнхий найруулагч болоогүй байсан. Тийм ч учраас дүрийн сонголтыг хоёрдугаар найруулагчийн өнцгөөс харж хийсэн. Цаашид харин арай өөр сонголт хийнэ. Ерөнхий найруулагчийн уран бүтээлчдэд хандах хандлага өөр болох ёстой л доо. Гэхдээ л би 2001 оноос хойш тавьсан жүжиг болгоноороо нэг шинэ жүжигчин гаргахыг зорьж ажиллаж ирсэн шүү. Жишээ нь, Гамлет дээр Ганчимэгийг Офелиягаар, “Парисын дарь эхийн сүм” дээр Отгонцэцэгийг Эсмеральдагаар, Эрхэмбаярыг Квазимодогоор, “Би ч гэсэн жаргамаар” байна жүжигт Хулан, Тамираа хоёрыг анх гаргасан гэх мэт олон жишээ ярьж болно. Тэгэхээр хоёр хүнийг л байнга тоглуулаад байна гэдэг ташаа ойлголт.

-Та ер нь энэ хоёр жүжигчнээс юу мэдэрдэг вэ?

-Найруулагч болгонд гарын жүжигчин гэж байдаг. Болд-Эрдэнийн хувьд асар потенциальтай уран бүтээлч. Тэр потенциалийг нээж гаргах түлхүүр нь надад байдаг. Түүнийг би аль ч талаас нь онгойлгож чадна. Уранчимэгийн тухайд яг адилхан. Урнаа бид хоёр хар багаасаа нэг дугуйланд явж, оюутан байхдаа ч нэг анги дүүргэсэн. Бие биенээ илүү ойлголцдог. Урнаагийн хувьд уран бүтээлч хүнд байх ёстой ёс зүйг цогцоор агуулсан жүжигчин. Уран бүтээлдээ хандаж байгаа нь яс. Чин сэтгэлээсээ, сахилга баттай. Хэзээ ч түүнээс “формальдах” хандлага гарахгүй. Харин ч хувь уран бүтээлч сэтгэлгээтэй. Яавал энэ дүр сайн болох вэ гэдгийн төлөө өөртөө байгаа бүхнээ шавхдаг. Ийм жүжигчин найруулагчид таалагдахгүй яах юм бэ. Мэргэжилдээ дутуу дулимаг ханддаг уран бүтээлчтэй би уураа барж, эд эсээ үхүүлж ажиллахыг хүсэхгүй. Компанийн захирлууд хүртэл сайн ажиллаж байгаа ажилтнаа тушаал дэвшүүлдэг, муу ажилтныхаа гэрээг цуцалдаг биз дээ? Энэ чинь хорвоогийн жам. Хүний мэргэжилдээ, өөртөө хандах үнэнч хандлага, өөрийгөө хүндэтгэх, хайрлах сэтгэл гэж чухал зүйл байдаг юм. Үүнийг би Цэрэндагва ахаас олж хардаг. Миний олон жүжигт тоглосон уран бүтээлч. Жаргалсайхан ах байна. Бүгд мэргэжилдээ хандах хандлага нь чин үнэнч хүмүүс.

-Гамлетыг театрын урлагийн ноён оргил, найруулагчдын эцсийн сонголт гэдэг. Дараагийн бүтээл тань юу байх бол?

-Миний хувьд нэг ноён оргил үлдсэн. Гётегийн “Фауст”-ыг хийчихвэл... Гэхдээ Толстой, Чехов гээд оролдоогүй, сонин сэтгэлгээний зохиолчид бий л дээ. Тийшээ орохыг бас хүсч байна.

-Ингэхэд сонгодог урлаг, сонгодог утга зохиол, сонгодог жүжиг гээд сонгодог гэх тодотголтой маш олон зүйл бий. Тэгвэл сонгодог гэгдэхийн тулд ямар байх ёстой юм бэ? Юугаар нь сонгодог гэж ангилах юм гэж асуух гээд байна л даа.

-Цаг зуурын биш мөнхөд амьдрах бүтээл хэдэн зуун дамжин сонгогдсоор иржээ. Мөнх амьдрахын үндэс нь хүний тухай бичсэнд л оршиж байгаа юм. Хүн өөрөө тайлагдашгүй ертөнц. Дэлхий дээр 7 тэрбум хүн байгаа бол 7 тэрбум ертөнц байна гэсэн үг. Баялаг байгаа биз? Хүний амьдрал, хүний ёсны, хүн байхын хамгийн том оршихуй хайрын тухай бичиж, туурвиснаараа мөнхийн бүтээл болж үлдсэн байдаг. Хайр бол хүн энэ ертөнц дээр оршихын хамгийн том таталцах хүч шүү дээ. Хайр гэдэг ухагдахууныг аваад хаячихвал хүн амьдрахгүй. Хайр гэдгийг зөвхөн эр эм хоорондын хайраар хязгаарлаж болохгүй. Эцэг эхээ хайрлах, эхнэр нь нөхрөө хайрлах, эр эмийн хайр, байгаль дэлхийг, ард түмнээ, эх орноо, газар шороогоо, өөрийгөө, оюунаа хайрлах хайр гээд олон зүйл энд багтаж байгаа. Товчхондоо сонгодог гэдгийн цаана хүний тухай, хайрын тухай, хүний ёсны тухай, хүний тайлагдашгүй олон ертөнцийн тухай, мөнхөд давтагдах харьцааны тухай өгүүлж ирсэн.

Хайр өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө энэрэхээс эхэлдэг юм байна. Өөрийгөө хайрлаж эхлэх нь зөв байхын шинж. Өөрийгөө хайрлаж чадсан хүн өрөөлийг хайрлана. Хайрлана гэдэг бол өөртөө өмчлөх сэтгэхүй биш юм. Хайртай хүнийхээ хүсэл сэтгэлээр амьдрахыг хайр гэнэ. Тэр хүнээ нэгдүгээрт тавьж, өөрөө түүний төлөө үйлчлэхийг хайр гэнэ. Манайд харин өөртөө өмчлөх, “Би чамд хайртай байхад чи яагаад надад хайргүй байна” гэдэг хувиа хичээх үзэл ноёрхож байна. Энэ бол хайр биш юм. Хүний төлөө амьдарч байгаа сэтгэлийг л хайр гэнэ. 

-Хайр гэж юу юм бол?

-Би хайрын тухай сонин ойлголттой болоод байгаа. Хайр өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө энэрэхээс эхэлдэг юм байна. Өөрийгөө хайрлаж эхлэх нь зөв байхын шинж. Миний сэтгэлгээ нэлээд шашинлаг болоод байгаа. Өөрийгөө хайрлаж байвал зөв амьдарна. Иймээс архи уухгүй, хүнийг гомдоохгүй, зөв байх ёстой. Зөв байна гэдэг зөв үйлийн үр. Өөрийгөө хайрлаж чадсан хүн өрөөлийг хайрлана. Хайрлана гэдэг бол өөртөө өмчлөх сэтгэхүй биш юм. Хайртай хүнийхээ хүсэл сэтгэлээр амьдрахыг хайр гэнэ. Тэр хүнээ нэгдүгээрт тавьж, өөрөө түүний төлөө үйлчлэхийг хайр гэнэ. Манайд харин өөртөө өмчлөх, “Би чамд хайртай байхад чи яагаад надад хайргүй байна” гэдэг хувиа хичээх үзэл ноёрхож байна. Энэ бол хайр биш юм. “Парисын дарь эхийн сүм”-ийн Фролло ламтан, Квазимодо хоёр ертөнцийн хоёр туйл шүү дээ. Нэг нь өмчилж хайрладаг, нөгөө нь хүний төлөө хайрладаг. Хүний төлөө амьдарч байгаа сэтгэлийг л хайр гэнэ. Ээжийгээ бид хайрлахдаа цайны сүүтэй байлгах юмсан, цагаан сараар сайхан дээлтэй байлгах юмсан гэж боддог. Эхчүүд үрээ хайрлахдаа бүхнээ зориулдаг. Би зөв сайхан явбал ээжийгээ зовоохгүй. Хэрэг төвөгт орооцолдвол ээж минь шанална. Өөрийгөө хайрлаагүй учраас эхийгээ зовоож байна. Тэгэхээр бусдын төлөө хайрлах, өөрийгөө хайрлаж эхлэхээс бүх зүйл үүдэж байгаа биз.

-Эх, үрийн хайр таны хэлж байгаачлан хүний төлөө байж болно. Харин эр эмийн хайр дээр эгоист бусаар хайрлаж чадах сэтгэл хүн бүрт байж чадах уу? Байлаа ч ямар хэрэгтэй юм гэдэг асуулт гарч ирнэ. Та жишээ нь би хайрлаж байна гээд цаад хүнээ таныг хайрлаагүй байхад ч хайрлаад байж чадах уу?

-Хүмүүс хайр, өмчлөл хоёрыг хамтатгаж ойлгодог. Шинээр гарч ирж байгаа ухагдахуун ч биш. Би хувдаа аль болох хичээж байгаа. Чадна гэж шулуухан хэлж чадахгүй. Хичээж, эрмэлзэж л явна. Хайрын хариуд хайр л ирнэ. Бусдыг бас эх орноо хайрлах хайраа би бүтээлээрээ өгдөг. Жүжиг үзээд хүмүүс монгол газар шороо, эх орон ямар үнэтэй гэдгийг ойлгох л миний хувьд чухал. Энэ бол миний эх орондоо өгч байгаа хайр юм.

-Гэхдээ энд нэг асуудал байна. Та хайрын талаар үнэхээр сайхан тодорхойлолт хэлж байна. Сонгодог хайр гэдэг нь өөрийгөө орхиод бусдыг хайрлах мөн байх. Гэтэл хайрласаар байхад холдоод байдаг хүний муу чанарыг яах вэ? Магадгүй энэ нь хүний яс чанар муудсантай илүү холбоотой байх л даа. Хэцүү, зовлонтой байх тусам тэмүүлдэг, тэмцдэг нь хүний нэг мөн чанар ч юм уу гэж бодогддог. Жишээ нь нууц амрагтай болчихсон байхад эгоист бус сэтгэлээр хандах нь зөв бөгөөд шударга явдал мөн үү? Олон асуулт байна л даа.

-Аливаад хэмжээ хэрэгтэй. Даруухан байхад хүртэл хэмжээ хязгаар хэрэгтэй гэдэг шиг хайрлахад хүртэл “дооз” хэрэгтэй. Их хоол идсэний дараа мянга сайхан хоол тавиад дур төрдөггүйтэй адилхан хайранд ухаан, хэмжээ хэрэгтэй юм шиг байгаа юм. Магадгүй үнэнч, гүн хайраар хайрлаад түүнийгээ асгаруулж өгөх нь түлхэх үйлдэл өдөөхийг үгүйсгэх аргагүй. Хүн ер нь явж явж жаргал даахдаа муу амьтан. Амьдрал хар цагаан, үнэн худал, зовлон жаргалаар дүүрдэг юм бол жаргалыг хүн удаан амтлах тусмаа манан дунд орж сохордог юм шиг санагддаг. Жаргал бага байх тусмаа амьдрал амттай. Амьдралыг уртад нь бариад үзвэл зовлонг нь их тавьж, жаргалыг бага өгвөл хүний амьдрал ухаарлаар дүүрэн, амьдралын амтыг мэдрэх ч юм шиг. Яагаад гэвэл жаргалтай байсан хүн жаргалын мөн чанарыг, үнэ цэнийг мэдэхгүй шүү дээ.

-Далай багш худалч, хулгайч хүмүүсийг талархаж хүлээж авах тухай номлосон шиг үү?

-Тэгэлгүй яахав. Муу хүн байхгүй бол сайн хүний томъёолол гарч ирэхгүй шиг зовлонг мэдрэхгүйгээр жаргалын сайхныг амтлахгүй. Магадгүй сайхан хайр сэтгэлийнхээ мөн чанарыг олж харахгүй. Ромео, Жульетта хоёр яагаад тэгтлээ хайрыг амталж мэдсэн бэ гэхээр тэр хоёрт маш том зовлон байсан. Хоёр талын эцэг эх нь зөвшөөрөхгүй, нууцаар уулзана. Дээрээс нь Ромео хайртай ахыг нь хөнөөсөн, Жульетта алуурчин хайрттай байх жишээтэй. Тэр бүгдийг уучилж, давж хайрлах. Зовлонгийн цаана соёолж буй хайр хамгийн үнэтэй. Зовлон, хайр гэснээс бид 4 / Драмын дөрвөл.сурв/ дээхнэ нэг хурим дээр очиж дууллаа. Тэгтэл нэг талынх нь хүн босч ирээд хоёр хүүдээ 5 өрөө байр бэлэглэж байна. Нөгөө талаас 5 өрөө байрных нь бүхий л тавилгыг бэлэглэчихлээ. Нэг нөхөр Lexus 570, бас нэг хүн бал сараа Хайнань арал дээр тэмдэглэх зардлыг нь даачихлаа. Сайхан юм л даа. Гэхдээ би бодлоо. Дараа нь энэ хоёр залуу юуны төлөө амьдрах вэ? Зовлонг мэдэхгүйгээр жаргалыг яаж амтлах вэ? Хуримаа хийсэн энэ хоёр удахгүй байх аа, яагаад гэвэл бүх юм нь бэлэн юм чинь гэж бодсон. Бүх юм бэлэн болоод ирэхээр хардалт үүснэ, амьдрал хэврэгшинэ.

-Ингэхэд таны гэр бүлийн амьдралаа эхлүүлж байсан тэр өдрүүд сонин санагдчихлаа.

-Бэрхшээл дунд эхэлж байлаа. Олсон мөнгөөрөө аяга ч болов авчихъя гэдэг л байсан. Би жишээ нь 2000 онд театрт орохдоо 15 мянган төгрөгийн цалин авдаг байсан юм. Том хүү төрөөд, хүүдээ нэг памперс, нэг “NAN” сүү авахад миний цалин дуусчихдаг байлаа. Тэгээд л маажийтлаа алхана даа. Улаа эргэтэл гэдэг билүү. Хүүхдийнхээ живхийг, сүүтэй нь бариад орно гэдэг л миний хувьд асар үнэ цэнэ, аз жаргал байсан юм. Нэг удаагийнхаа цалингаар хүүдээ буриад гутал авлаа. 15900 төгрөгийн үнэтэй. Худалдагчаас нь үхтлээ гуйж байгаад 15 мянгаар авч өвөртлөөд автобусанд суухад кондуктор чимхэж, хөөгөөд би гүрэлзээд. Гэхдээ би хүүдээ дулаан гутал авчихсан юм чинь тэр чимхэлт энэ тэр ёстой асуудал биш. Болохгүй бол дараагийн автобусанд суучихна. Ингэж л эхэлж байлаа, амьдрал.

Хүний сэтгэлийн уяас юунд хэрхэн алдуурахыг хэлж мэдэх аргагүй. Гоо сайхан гэдэг чухал ухагдахуун байна. Хэнийг ч өмнөө сөхрүүлдэг ид шидтэй. Гоо сайхан гадаад төрхөөс гадна дотоод гоо сайхан гэж бүр том юм байдаг. Магадгүй өөрийнхөө эхнэр болоод нөхрөөс авч чаддаггүй өөр хаа нэгтэйгээс хайж явсан гоё уян, нандин сэтгэлийн мэдрэмж байж болно. Нууц амраг бүхэн муу байдаг уу гэвэл үгүй юм. Хайж явсан хүн, нандин сэтгэл нь хожуу дайралдвал яах юм. Тийшээ шунана, сэтгэл алдарна. Гэр бүлээ хүндэтгээд сэтгэлд нь сэв суулгахгүйн тулд нууц болчихож болно. Нууцлаад байгаад л хүн чанар оршиж ч болох нь байна ш дээ.

-Тэгэхээр зовлон хүнийг хүн болгож байдаг хөшүүрэг байх нь?

-Ер нь тийм. Зовлонгийн дундаас хүн хатуужиж болд мэт гарч ирнэ.

-Дааж чадахгүй нь намаг шалбаагтаа үлдэнэ, чадалтай нь хүн болж чанга болж босч ирдэг юм биш үү?

-Модун Шаньюу яг л тийм замналтай. Халуун галд давтагдаж улайссан төмөр, хүйтэн усанд шаржигнаж болд болсон хүн. Эцгээ алсан, эхийгээ алдсан, хайртай хүнээ өгсөн хүн. Хамгийн сүүлд газар шорооныхоо төлөө босч дайрсан болд илд юм шүү гэж би жүжигчиддээ хэлж байсан. Модун зовлон дундаас хүн болж, хаан болж босч ирсэн. Эцэг Түмэн Шаньюу нь Модуныг биш дүүг нь хаан болгоно гэдэг. Бүр алуулах гэж байсан. Тэр дундаас сөрж, босч ирсэн хүн. Тэгж байж л хүн болж, удирдагч болж, хаан болдог юм байна. Тэгэхээр зовлонг мэддэг хүн өөрөө хүн, удирдагч, хаан байж чаддаг юм байна аа гэдгийг л Модун Шаньюу харуулдаг. Чингис ч зүгээр байж байгаад хаан болоогүй ш дээ. Хэдэн өнчин дүү нараа өсгөх гэж зовлон зүдгүүрийн дундуур бүдчин байж залуу насаа өнгөрүүлсэн. Тийм ч учраас холч ухаантай, стратегитай хаан болж бойжсон. Тэр хүн жаргалтай, дутагдах юмгүй байсан бол хаан болохгүй. “Монголын нууц товчоо”-н дээр 7 жилийн амьдрал нь байдаггүй. Тэр алдагдсан он жилүүдийг нь би их гайхдаг.

-Нууц амрагийг та хүлээн зөвшөөрдөг үү? Сэтгэл зүрх, оюун ухаан гээд хүний индивудал оршихуйг нь бодохоор яагаад үгүй гэж бодохоор. Сэтгэлийн амраг гэж байж болно биз дээ гэж адармаар. Хүн бол ёс суртахуун, нийгмийн нэг эд эс гэдэг талаас нь бодохоор огт үгүйсгэмээр парадокс байх юм. Та ёс суртахууныг эрхэмлэх үү эсвэл сэтгэл, оюуныг илүүд үздэг хүн үү?

-Нууц амраг хүн үүсэхтэй зэрэгцэж бий болсон байх. Байх ёстой эсэхийг би хэлж мэдэхгүй. Байх ёсгүй гэсэн ч байсаар хэдэн мянган жил болжээ. Хувь хүнийхээ хувьд нууц амрагтай улсуудыг үгүйсгэхгүй. Нууц гэдэг далд гэсэн санаа, амраг, амраглана гэдэг нь сэтгэлийн уяас, холбоо бий болчихож байнаа даа. Түүнээс тохиолдлын харилцаа биш шүү дээ. Харин нууц, далд байлгаж байгаа нь тухайн хүн өөрийнхөө үндсэн үнэт зүйлээ эвдэхийг хүсэхгүй байна гэсэн үг. Хэрэв эвдэхийг хүссэн бол ил гаргачих байсан. Нууцлах нь гэр бүлээ илүү үнэтэй байлгаж, ёс суртахууны хэм хэмнэлд баригдаж байгаагийнх. Хүний сэтгэлийг хэлж таахын аргагүй л дээ. Дурлал чамд өнөөдөр ирдэггүй юм гэхэд үхэхийн чинь өмнө ч ирж мэднэ гэсэн үг байдаг. Тиймээс хүний сэтгэлийн уяас юунд хэрхэн алдуурахыг хэлж мэдэх аргагүй. Гоо сайхан гэдэг чухал ухагдахуун байна. Хэнийг ч өмнөө сөхрүүлдэг ид шидтэй. Гоо сайхан гадаад төрхөөс гадна дотоод гоо сайхан гэж бүр том юм байдаг. Магадгүй өөрийнхөө эхнэр болоод нөхрөөс авч чаддаггүй өөр хаа нэгтэйгээс хайж явсан гоё уян, нандин сэтгэлийн мэдрэмж байж болно. Нууц амраг бүхэн муу байдаг уу гэвэл үгүй юм. Хайж явсан хүн, нандин сэтгэл нь хожуу дайралдвал яах юм. Тийшээ шунана, сэтгэл алдарна. Гэр бүлээ хүндэтгээд сэтгэлд нь сэв суулгахгүйн тулд нууц болчихож болно. Нууцлаад байгаад л хүн чанар оршиж ч болох нь байна ш дээ. Ийм нандин сэтгэлийн уяасаар холбогдсон сэтгэлийг буруутгах аргагүй. Харин материаллаг өөр сонирхол, бодлоготой байвал аюултай. Гэхдээ хүн аль болох л нууц амрагтай байх хэрэггүй. Гэр бүлд сэтгэлийн шаналан авчрахаас цаашгүй ийм зүйлээс биеэ татаж явах хэрэгтэй.

Амьдралын утга учир, аз жаргал бол гэр бүл. Хамгийн нандин орон зай тэнд байдаг. Үр хүүхдээ сайн сайхан явахыг харах, түүнээр бахархах, үр хүүхдээр миний цус, удам үргэлжилж байгааг мэдрэх. Энэ бүхний төлөө хүн амьдардаг. Өтөлж, өвгөрөхийн цагт ажил мэргэжил болоод физиологийн насны лимит дуусна. Тэр цагт хүн гагцхүү сэтгэлээр амьдарна. Тэр сэтгэлийн цэнэгээ үр хүүхдээсээ, гэр бүлээсээ авна.

-Ингэхэд амьдралын утга учир юунд оршдог юм бэ? Аз жаргал нь хаанаа байдаг юм бол?

-Амьдралын утга учир, аз жаргал бол гэр бүл. Хамгийн нандин орон зай тэнд байдаг. Үр хүүхдээ сайн сайхан явахыг харах, түүнээр бахархах, үр хүүхдээр миний цус, удам үргэлжилж байгааг мэдрэх. Энэ бүхний төлөө хүн амьдардаг. Өтөлж, өвгөрөхийн цагт ажил мэргэжил болоод физиологийн насны лимит дуусна. Тэр цагт хүн гагцхүү сэтгэлээр амьдарна. Тэр сэтгэлийн цэнэгээ үр хүүхдээсээ, гэр бүлээсээ авна. Амьдралын үнэт зүйл гэвэл үзэл бодолдоо, өөртөө үнэнч үлдэх тухай асуудал юм. Би хувьдаа үзэл бодолдоо их үнэнч хүн. Үүнээсээ болж их ч алддаг. Тэр алдааны төлөө гэхдээ хэзээ ч үзэл бодлоосоо ухарч байгаагүй. Хожим үр хүүхдэд минь, эдний эцэг хүн бүрт дулдуйдсан амьтан байсан юм гэж сонсох вий, ийм зүйлс миний амьдрал намтарт орох вий. Түүний оронд эдний эцэг алдсан оносон, асч унтарсан, босч суусан, оргилж буцалсан үзэл бодолдоо үнэнч эр хүн явсан гэвэл тэр миний бахархал байх юм. Нэг өдөр Наранбаатар хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ. Надаас юу үлдэх вэ гэвэл үр хүүхэд, үйлс, оюун буюу үзэл санаа үлдэнэ. Энэ бүхэнд эрхэм хандах ёстой.

Эмэгтэй хүний хамгийн нандин чанар бол хүлээц, тэвчээр. Эр хүний хувьд өөрийн гэсэн дэг бий. Адуу малдаа явж хэдэн өдөр алга болно. Дайн байлдаанд явчихна. Өрх гэрээ тэжээх, амьдралыг бүтээх гэж янз бүрийн замаар явдаг. Энэ бүгдийг хүлцэн тэвчих тэвчээр л эмэгтэй хүний хамгийн нандин чанар юм. Эмэгтэй хүний хамгийн том оршихуй бол тэсвэр, тэвчээр, уучлал.

-Та эмэгтэйчүүдийг ямар байгаасай гэж боддог вэ? Тэд хэн байхдаа, ямар оршихуй нь эрчүүдийн сэтгэлийг хамгийн ихээр татдаг бол? Найруулагч хүний мэдрэмж шиг хүний дотрыг онгичиж, юу ч үгүй уудалсан, амьдралыг гүн таньсан мэдрэмж гэж байдаггүй гэдэг учраас л ингэж шимтэж асуугаад байгаа юм шүү. Та ойлгоно биз.

-Эмэгтэй хүний хамгийн нандин чанар бол хүлээц, тэвчээр. Эр хүний хувьд өөрийн гэсэн дэг бий. Адуу малдаа явж хэдэн өдөр алга болно. Дайн байлдаанд явчихна. Өрх гэрээ тэжээх, амьдралыг бүтээх гэж янз бүрийн замаар явдаг. Энэ бүгдийг хүлцэн тэвчих тэвчээр л эмэгтэй хүний хамгийн нандин чанар юм. Бөртэ, Мандухай, Сорхугтан нараас ийм л зүйл харагдаад байдаг юм. Би сайн яваа, хийморьтой эр хүний ард асар сайн эзэгтэй байдаг гэж боддог. Эмэгтэй хүний хамгийн том оршихуй бол тэсвэр, тэвчээр, уучлал. Тэгж байж гэр бүлийн бат бэх гагнаас тогтоно гэж ойлгодог. Эдгээрийг бий болгодог нь ухаан

-Ихээхэн ахуйлаг хариулт байх чинь. Би өөр зүйл хүлээж байсан. Тэгвэл таны гоо сайхны идеалыг сонирхож болох уу?

-Харагдах гоо сайхнаас дотоод гоо сайхныг би илүүд үздэг. Гаднаа гялалзсан сайхан хэрнээ дотроо хөө шиг хар хүмүүс энэ хорвоо ертөнц дээр ямар их байна вэ. Сэтгэлийн гоо сайхныг хамгийн тансаг, цогц гоо сайхан гэж боддог. Би гоёж гангалах дургүй. Тэртэй тэргүй залуу нас биднийг гоёж байгаа. Харин өтлөхийн цагт эдийн сайхныг эдэлж болно.

-Идеал гэснээс урлагт идеалыг гоо үзэмж талаас нь илүүтэй хардаг. Жишээ нь Сувд шиг Мандухай, Одончимэг шиг Жульетта төрөхгүй байна гэдэг ч юм уу. Найруулагч хүн нэгэн цаг үед зэрэгцэн алах идеалны дүргүй байх нь том сул тал, шаналал байдаг болов уу гэж бодоод байна л даа.

-Ер нь урлаг, тайз өөрөө нэн тэргүүнд гайхамшигтай гоё фэйс, боди-г шаарддаг. Хүмүүс театраас хамгийн түрүүнд гадаад гоо үзэмжийг эрж хайдаг нь үнэн. Дараа нь ур чадварын асуудал яригддаг. Гоо сайхны идеал цаг үе болгонд өөрчлөгдөж байдаг юм ш дээ. Сэргэн мандалтын үед эмэгтэй хүний төгс гоо галбир одоогийнхоос их өөр байсан. Леонарда Да Винчигийн эмэгтэйчүүд гэхэд бага зэрэг гүзээтэй, шувтан мөртэй, махлагдуу байсан бол орчин үед эсрэгээрээ болсон байх жишээтэй. Нэг хэсэг Оросын театруудад гоо үзэмжээс өөр ойлголт явж байсан. Майжгадуу, бөгтөр нуруутай төрх хэрэгтэй гэж үзэн тийм хүүхдүүдийг кино, театр урлагийн сургуульд их авч байлаа. Тэр байдал цаг үетэйгээ өнгөрсөн. Одоо бол илүү нуруулаг, царайлаг төрхийг жүжигчин хүн өөртөө оршоож байх ёстой. Тэр болгон санаснаар болохгүй, бид хайцгааж л явна. Ямартаа л загварын агентлагуудаар явж моделиудыг урлагийн сургуульд орооч гэж уриалсан. Гэхдээ нэг зүйл нийтлэг ажиглагдаж байгаа нь их амар хялбар од болж, амар хялбар амьдрахыг хүсдэг болчихож. Энэ бүхний эцэст ганцхан зүйл өөрчлөгддөггүй нь дотоод сэтгэлийн гоо сайхан хэзээд идеал байж ирсэн.

Даруухан байхад хүртэл хэмжээ хязгаар хэрэгтэй гэдэг шиг хайрлахад хүртэл “дооз” хэрэгтэй. Их хоол идсэний дараа мянга сайхан хоол тавиад дур төрдөггүйтэй адилхан хайранд ухаан, хэмжээ хэрэгтэй юм шиг байгаа юм. Магадгүй үнэнч, гүн хайраар хайрлаад түүнийгээ асгаруулж өгөх нь түлхэх үйлдэл өдөөхийг үгүйсгэх аргагүй. 

-Би таны уран бүтээл, дотоод ертөнцөөс чинь асгарах гэгээтэй, нандин бодлуудыг мэдэрчихээд авьяас гэдэг сайхан сэтгэл, хүн чанар юм байна гэж боддог болсноо хэлмээр санагдлаа. Хэр оносон дүгнэлт бол?

-Авьяаслаг байхыг би чадвар гэж ойлгодог. Сэтгэх, урлах, жүжиглэх, дуулах ур чадвартай холбож ойлгодог. Харин дан ганц авьяас бол тусдаа, ховор нандин эд юм. түүнийг Бурхан өгдөг. Хөөрхөн төрнө гэдэг бурханы хишиг, урд насандаа хийсэн сайн үйлийн бэлэг гэдэг шиг авьяасыг бурхан бэлэглэдэг. Тийм ч учраас Моцарт, Салери хоёрын түүх өрнөдөг. Харин авьяаслаг байгаад чиний хэлдгээр хүнлэг, сайхан сэтгэл урсахгүй бол тэр авьяас тордогдохгүй, удахгүй мөхнө. Ёс суртахууны доройтол тэр авьяасыг булшилна. Тиймээс авьяастай хүний ард гарцаагүй сайхан сэтгэл оршино. Нэг сонин зүй тогтол байдаг. Байгалийн авьяасыг бурхан хүнд ховорхон өгдөг. Өгчихөөд тэр хүнийг удаан амьдруулдаггүй юм шиг санагддаг. Энэ ертөнцөд авьяастай хүн төрүүлчихээд маш хурдан буцааж авдаг. Да Винчийг эс тооцвол урт насалсан авьяастан бараг байдаггүй шүү дээ. 

-Та ингэхэд хэдэн настай юм бэ?

-Би 38-тай.

-Та багадаа ямархуу хүүхэд байсан бэ? Өнөөдрийн амжилтаа зөгнөх, бусдаас өөр гэдгээ мэдрэх нэг тийм мэдрэмж байдаг даа. Тийм зүйл танд байсан уу?

-Би өвөө дээрээ өссөн. Өвөө маань их номтой хүн байлаа. Би их олон тарни мэднэ ш дээ /инээв/. Нуулгүй ярихад далдын хүч, ер бусын юмсад итгэдэг. Ер бусын юм ч надад бас хааяа тохиолдоно. Жишээ нь зарим нэг уран бүтээлийг хийж байхад хажуугаас хэн нэгэн хүн хэлж ярьж өгөх шиг тийм сонин үе зөндөө тохиолдож байсан. Түүнийг би онгод гэж ойлгох уу, юу гэхээ мэддэггүй. Далдын ертөнц тиймдээ ч надад сонин санагддаг. Байдаг ч юм шиг. Өвөө эмээ дээрээ өссөн болоод ч тэр үү, одоо хүртэл өглөөгүүр цайнд боорцог хийж идэх дуртай. Хоол голдоггүй. Гоёж гангалах дургүй. Харин хийх гэсэн юмаа нэг эхэлчихвэл чанартай хийх гэж зүтгэдэг хүмүүжлийг өвөө минь олгосон. Хүнд битгий долигнож, зулгуйдаж бай гэж заасан. Өөрөө тийм хурц араншинтай хүн байсан.

-Хаана өссөн юм?

-Толгойтын Баганаранд. Нэгдүгээр ангид ордог жилээ Төмөр замд ирж сургуульд орсон. Нисгэгч болно гэж мөрөөддөг байлаа. Би тооны хичээлдээ их сайн. Ленинградын нисэхийн дээд сургууль гэж байдаг тэнд тоогоор шалгалт авдаг шүү гэж ээж яриад, би ч сонголтондоо итгэлтэй. Зургаадугаар ангид байхдаа багшийг яаж бодохыг тайлбарлаж өгөхөөс өмнө бодчихдог байсан. Тэгсэн атал багш маань тооны сонгонд авах гээд чадаагүй. Тэр жил “Найрамдал”-д амрах эрхийн бичгээр шагнуулаад, тэнд очиж драмын дугуйлангийн хүүхдүүдтэй танилцаад л тэнд хувь заяа эргэчихсэн.

Надад итгэж суусан ханьдаа баярладаг юм. Сургууль төгссөн оюутан, юу ч үгүй шалдан залууг тоож суусанд нь талархдаг даа.

-Та өөрөө бас ч гэж өнөр бүлийн тэргүүн байх аа?

-Миний хань надад таван сайхан хүүхэд төрүүлж өгсөн. Гарын таван хуруу шиг хүүхдүүдээ атгасан гар шиг нэгдэлтэй, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, зорьсон зорилгодоо хүрч чаддаг хүмүүс болгож өсгөхийг хичээж байна. Би ямар том эдлэнтэй биш, компанитай биш, ядахдаа нэг ТҮЦ ч байхгүй хүн чинь өөрт байдаг хамгийн үнэт зүйл оюуны, ухааны, сэтгэлийн капитал өгье гэж хичээдэг.

-Алдарт эцэг гэдэг чинь таны насан дээр бас л том үзүүлэлт шүү. Чамгүй эрт гэр бүлийн амьдралд хөл тавьсан байх нь?

-Хорин дөрөвтэйдээ гэргийтэйгээ сууж байсан. Нэг их эрт ч биш, нэг их орой ч биш. Сургуулиа төгсөөд л гэр бүл зохиосон. Сургуульд сурч байхад гэр бүлийн амьдрал зохиох төвөгтэй. Сурч боловсрох үндсэн зарчмаасаа хазайх гээд байдаг талтай. Надад итгэж суусан ханьдаа баярладаг юм. Сургууль төгссөн оюутан, юу ч үгүй шалдан залууг тоож суусанд нь талархдаг даа.

-Танилцья л даа танай гэргийтэй?

-Гэргийг маань Гантуяа гэдэг. Санхүү эдийн засгийн дээд сургуульд хүний нөөц, маркетингийн хичээл заадаг багш бүсгүй бий.

-Тэр бүсгүйн юу нь таны сэтгэлийг татаж байсан бол?

-Бид хоёр ерөөсөө танилцаад л сарын дараа суучихсан юм. Хүмүүс чинь үерхэж бариад уддаг бол бид хоёр ёстой нэг зөнгөөрөө, үйлээрээ, заяагаараа гэр бүл болсон хүмүүс. Энэ л сайхан юм. Одоо чинь байртай юм уу, машинтай юм уу гээд л их зүйлийг шалгуур болгодог болчихсон юм уу даа. Итгэл шиг сайхан зүйл байхгүй шүү. Гуйлгачин хүн гэж, залхуу хойрго, арчаагүй хүнийг л хэлдэг болохоос хоосон залуу насыг хэлдэггүй юм гэж хэлмээр байдаг.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Монголын ард түмний оюун санааны орон зайд урлаг гэх хамгийн дөт замаар очиж, нөлөөлж хүний ёс, хүн мөн чанар, амьдралын утга чанадыг ойлгуулах оюуны буянт үйлсэд тань улам их амжилт хүсье. Тун удахгүй Төрийн шагналыг нэр төртэйгээр аваарай гэж мянга мянган оюунлаг уншигчдынхаа өмнөөс ерөөе.

-Сайхан ерөөл тавьсанд баярлалаа. Амны билгээс ашдын билэг гэдэг. Гэхдээ шагнал авахын тулд хүн ажилладаггүй. Хийж бүтээхийн тулд л ажиллаж хөдөлмөрлөдөг. Танай уншигчдад бүтээхийн их амжилт хүсье.

Өмнөд Солонгост шинэ үеийн "шингэн" робот бүтээжээ

7 цаг 30 мин

"Дэлхийн уран гулгалтын одод Монголд" Уран гулгалтын шоу тоглолт

10 цаг 33 мин

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр

Өчигдөр 15 цаг 42 мин

ХҮН хүч хавсрав

Өчигдөр 15 цаг 42 мин

Хотын даргаа хотын соёлд сургамаар байна

Өчигдөр 15 цаг 20 мин

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Өчигдөр 14 цаг 21 мин

Шинэ Монголын баячууд, өв залгамжлагчид “Minister tower”-т тухалж байна

Өчигдөр 12 цаг 21 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 26 мин

Нүхтийн амны 10 га газар орон сууцны хороолол болсон түүх буюу Ж.Бат-Эрдэнэ гишүүний газрын нууц наймаа

Өчигдөр 08 цаг 00 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Шинэ Монголын баячууд, өв залгамжлагчид “Minister tower”-т тухалж байна

Өчигдөр 12 цаг 21 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Нүхтийн амны 10 га газар орон сууцны хороолол болсон түүх буюу Ж.Бат-Эрдэнэ гишүүний газрын нууц наймаа

Өчигдөр 08 цаг 00 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

ХҮН хүч хавсрав

Өчигдөр 15 цаг 42 мин

Хотын даргаа хотын соёлд сургамаар байна

Өчигдөр 15 цаг 20 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 26 мин

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Өчигдөр 14 цаг 21 мин

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр

Өчигдөр 15 цаг 42 мин

Өмнөд Солонгост шинэ үеийн "шингэн" робот бүтээжээ

7 цаг 30 мин

"Дэлхийн уран гулгалтын одод Монголд" Уран гулгалтын шоу тоглолт

10 цаг 33 мин

Сурталчилгаа