МУГЖ Д.Алтанхуяг: Энэхүү эрхэм боломжийг ахин олгосонд талархаж байна
Энэ оны тавдугаар сарын 29-ний өдрийн ССАЖЗ-ын Сайдын тушаалаар МУГЖ Д.Алтанхуягийн УДБЭТ-ын захирлаар буцаан томилох шийдвэр гарсан билээ. Тэрээр өөрийн цахим хуудастаа энэхүү шийдвэрт талархаж буйгаа илэрхийлсэн юм. Тэрээр :
"Энэ бол миний хувьд албан тушаалын тухай бус, харин урлаг соёлын төлөө хүлээсэн үүрэг хариуцлага, итгэл найдварын үргэлжлэл юм. Амьдралынхаа ихэнх хугацааг зориулсан энэ сайхан байгууллага, уран бүтээлчид, хамт олон, үзэгч түмэндээ үйлчлэх эрхэм боломжийг дахин олгосонд талархаж байна.
"Дэм дэмэндээ, дээс эрчиндээ" хэмээх сайхан үг бий. Өнөөдрийг хүртэлх замналд минь итгэл үзүүлж, хамт байж, дэмжиж ирсэн бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Албан тушаалд бус, урлагт хайртай сэтгэлээрээ сурсан мэдсэнээ эх орон, ард түмэн, ирээдүй хойч үедээ зориулан ажиллахыг эрхэмлэдэг.
Өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн бүхэн минь ганц хүний хүч биш, хамтдаа зүтгэсэн олон сайхан хүмүүсийн итгэл, дэмжлэг, нөхөрлөлийн үр шим юм. Амьдралын замд учирсан хүн бүрээсээ суралцаж, сайн сайхныг түгээн урагшлахыг хичээж ирлээ.
Амьдралд эхлэл ч бий, төгсгөл ч бий. Тиймээс өнөөдрийн энэ мөчид миний юу хэлэхийг хүсэж байгааг та бүхэн өөр өөрийн оюун бодлоор тунгаан ойлгож байгаа гэдэгт итгэж байна.
Амьдралын мөч бүрийг үнэ цэнтэй өнгөрүүлж, бие биенээ хайрлаж, хүндэтгэн, хамтдаа бүтээцгээе" гэсэн юм
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.