МУГЖ Д.Алтанхуяг: Уран бүтээлчид заавал хэн нэгэн улс төрчөөс хамааралгүй өөрөө өөрсдийгөө тордох боломжийг бий болгох хэрэгтэй

МУГЖ Д.Алтанхуяг: Уран бүтээлчид заавал хэн нэгэн улс төрчөөс хамааралгүй өөрөө өөрсдийгөө тордох боломжийг бий болгох хэрэгтэй

Өчигдрөөс эхлэн Дуурь бүжижгийн театрын захирлаар МУГЖ Д.Алтанхуягийг буцаан томилох шийдвэр гарсан билээ. Тэрээр өнөөдөр нээлтэй хэвлэлийн бага хурал зарлаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар байр сууриа хуваалцлаа. 

-Та театрын ирээдүйн хөгжлийг бодлогын түвшинд яаж харж байгаа вэ?

-Манай улсад сонгодог урлагийн үзэгчдийн тоо хангалттай хэмжээнд байгаа. Тиймээс уран бүтээлчид зөвхөн бүтээлээ л төгс хийхэд анхаарах юм бол олон зүйлийн гацаанаас бид хамтдаа гарч чадна.  Харин үүн дээр театрын удирдлага илүү бодлогын түвшинд анхаарч ажиллах шаардлагатай байна.  

Заавал хэн нэгэн улс төрчөөс, яамны сайдаас хамааралгүйгээр УДБЭТ-ынхан өөрсдийгөө тордох боломжийг эрэлхийлэх хэрэгтэй.  Тухайлбал, Намайг өмнө захирлаар ажиллаж байхад театрын байрыг түрээслүүлэх талаар ярилаа гэж их шүүмжилцгээсэн. Түрээслэхгүй тэгээд өөр яах юм бэ? Ингэж байж л мөнгө босгоно. Тэр олсон мөнгөөрөө уран бүтээлээ санхүүжүүлж, театрын барилгаа тордож, сайжруулна шүү дээ.

 

-Та өмнө нь театрын захирлаар ажиллаж байхдаа хийсэн гол ажлуудаасаа нэрлээч.

- Тухайн үед театрын дотоод орчин маш их сэрүүн, хүйтэн байна гэж шүүмжлүүлдэг байлаа.  Тэгэхээр миний хамгийн эхэнд хийсэн ажил бол “дулаалга” байсан.  Дараа нь дотоод гадаад орчны хэд хэдэн засвар хийсэн.  Яг үүн дээр л манай системийн гажуудал оршиж байгааг олж харсан даа. Өөрөөр хэлбэл барилга, уран бүтээл, бодлогын түвшний асуудлууд гэсэн хоорондоо тэс өөр зүйлүүдэд нэг л хүн тархиа гашилгах хэрэг гардаг. Энэ нь асар учир дутагдалтай санагддаг.

-Таныг өмнө захирлаар ажиллаж байхдаа Ч.Номин сайдтай ойр дотно байсан гэж ярьдаг. Энэ талаар?

- Найз нөхдийн хүрээнд ойр дотно байхыг хэлж байгаа бол би Ч.Номин сайдаас илүү Ч.Ундрамтай илүү ойрхон байсан. Харин Ч.Номин сайдтай цэвэр ажил хэргийн хувьд ойр дотно гэж хэлнэ.

“Би танд ийм үүрэг даалгавар өглөө. Яамны зүгээс ямар нэг байдлаар оролцохгүй. Ажилдаа л анхаар” гэж харилцдаг байсан нь Ч.Номин сайдтай хамт ажиллахад илүү амар болгодог байсан.

-Таныг бага насны хүүхдүүдийг театрт цалингүй ажиллуулсан гэж шүүмжилдэг. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетыг хэлж байх шиг байна. Энэ бол жил бүр уламжлал болоод тогтчихсон зүйл.  Өөрөөр  хэлбэл 200 гаруй хүүхдийг сайн дурын үндсэн дээр сонгон шалгаруулалж, уран бүтээлийн жаргал зовлонг ойлгуулж, тайзны уур амьсгалыг мэдрүүлдэг маш онцгой үйл явдал.  Ирээдүйд уран бүтээлч болохоор зорьж байгаа хүүхдүүдэд энэ бол маш том боломж. Өөрөөр хэлбэл өмнөх удирдлагуудын үед ч ийм байсан асуудал шүү дээ.

 

Баярлалаа

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.