Сурвалжилга: Богд уул "мишээж" байна

Сурвалжилга: Богд уул "мишээж" байна

 

Саарал чулуун шахмалаар хашаалж, монгол гэрийн унь, тооноор сэдэвлэн бүтээсэн гоёмсог хаалга бол Ар Зайсангийн ам руу нэвтрэх хэсэг. Энэ хэсгийн ойролцоо цөөн тооны авто машин, мөн 72 дугаарын автобус байршжээ. Тус автобусны жолооч Ч.Батбаяртай ярилцахад:

Манай автобус ХБК-аас Богд уул руу хамгийн ойрхон очдог ганц чиглэл нь юм. Тийм ч учраас их төлөв ууланд алхаж, эрүүл мэнддээ анхаарах зорилготой хүмүүс зорчдог. Нэн ялангуяа амралтын өдрүүдэд бүх насны үйлчлүүлэгчдээр дүүрэн байдаг хэмээн хариуллаа.

Үнэхээр энэ өдөр ар Зайсангийн ам хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Иргэдийн шүүмжлэлийг ихээр дагуулдаг байсан “Богд хан” амралтын газрын шавар гэрүүдийн талаас илүүг нь буулгаж, хүүхдийн тоглоомын талбай, амарч тухлах бүс, авто машины зогсоол зэргийг байрлуулжээ. Мөн зоогийн газар, кофегоор үйлчлэх цэг, уулын хэрэгслийн худалдаа гэх мэт арилжаа наймааны амьдрал ч өрнөнө.

Цаашилбал, “Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд хэсэг залуус долоон зуугаад бут суулгаж,нарсан төгөл байгуулжээ. Хүмүүсийн хэлж заншсанаар “Дугуй цагаан” руу алхах чиглэлд Богд ууланд нутагладаг ан амьтад, ургамал моддын тухай мэдээллийг багтаасан зурагт самбарууд ихээр тааралдана. Тухайлбал Бүгд Найрамдах Чех Улсын “Брно” хотын их сургууль, Монголын явган алхалтын холбоотой хамтран бүтээсэн эко самбаруудад ойг хайрлан хамгаалахын ач тусыг хүүхэд багачуудад нэн ойлгомжтой, сонирхолтой байдлаар зураглан үзүүлсэн байв. Эдгээр бүтээн байгуулалтуудын үлэмж хувийг ямар нэг төрийн оролцоогүйгээр уулын клубууд болон иргэд өөрсдөө цогцлоожээ. 

 Дугуй цагааны оргил руу өгсөх замд гол горхи чимээ ихтэйгээр урсана. Тус горхины ойролцоо уулчдын амарч тухлах бүс хэд хэдийг бий болгожээ.

Энэ хэсгийг хүмүүс аз жаргалын бөөгнөрөл гэж нэрлэцгээнэ. Уулнаас дөнгөж бууж ирээд амарч буй алхагчдын хацраас ягаан туяа гэрэлтэн, амгалан тайван төрх тодорно. Он удаан жилийг элээсэн болов уу гэмээр нэгэн хөгшин модны тайрдсыг шувуудыг хооллох ширээ болгон тохижуулжээ. Түүн дээр уулчид өөрсдийн авч ирсэн хүнснээсээ илүүчлэн тавьж хөх бух, ятга шаазгай, бор шувууд цуглан тааваараа хүртэцгээнэ. Хэр барагтай л айж үргэхгүй байгаагаас харахад байгалийн амьтан , хүн хоёрын хооронд ээнэгшил үүсчээ. Энэхүү ойн чөлөөнд  Монгол Японы хамтарсан эмнэлгийн дотрын тасгийн эмч Г.Төмөржингөөс ууланд алхахын ашиг тусын талаар тодруулахад:

-Бид чинь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэгт амьдарч буй хүмүүс шүү дээ.  Үүнээс болж ямар хор уршгууд гарч байгааг надаар хэлүүлэлтгүй бүгд л мэдэж байгаа байх. Тиймээс түр ч гэсэн эрүүл агаарт гарч , уушгиа амраах хэрэгтэй. Хүн гэдэг чинь анхнаасаа л байгальтай ойр байж, байнгын хөдөлж байх ёстой амьтан шүү дээ. Хэт боловсруулсан хоол хэрэглэж, дэлгэц ширтээд суухад тохирсон амьтан биш. Тиймээс ууланд алхах бол тэр чигтээ эмчилгээ юм. Миний ажиллаж , амьдарч байсан Япон улсад ойн эмчилгээ (forest therapy) хэмээх бие даасан урсгал хүртэл бий. Япон хэлээр “Shinrin yoku” гэдэг. Орчуулвал ойн агаарт умбах гэсэн утгатай үг л дээ.Богд уул бол Улаанбаатар хотын уушги нь юм гэв.

Мөн ууланд алхагч Д.Ганзориг тууштайгаар 4 жил алхасны ачаар зүрх судасны өвчнөөсөө ангижирсан түүхээ хуваалцав.

Урьд орсон борооны чийг ургамал мододтой хоршоод ер бусын анхил үнэр үүсгэнэ. Энэ л үнэр байгаль эхийн хамгийн тансаг сүрчиг мэт.

Ойн анхил агаарт умбасаар бид “Зүүн оргил” өөд мацлаа.

Өгсөх замд таарах уулчдын зарим нь мэнд мэдэж байв. Таних, танихгүйгээс үл хамааран өөр хоорондоо мэндэлдэг сайхан соёл энд бүрджээ. Түүнчлэн уулчдын өмссөн хувцас хэрэглэлд тод хурц өнгө  давамгайлна. Энэ нь хээнцэрлэл гэхээс илүү аюулгүй байдалтай холбоотой аж. Байгалийн хад чулуу, цас шороон дундаас ялгарч харагдахуйц тод өнгөөр хувцаслах нь төөрөх зэрэг олон эрсдэлээс сэргийлэх ач тустай юм билээ.  Зүүн оргил өөд алхах нь орон зайн хувьд харьцангуй ойр дөт ч өгсүүр бартаа ихтэй байлаа. Ийм ч учраас уулын болон бусад спортын тамирчид бэлтгэл сургуулилтаа энд базаадаг ажээ. Энэ талаар хөлбөмбөгийн спортын шүүгч, “Nomadic Kickers Mongolia” клубийн багш, дасгалжуулагч Г.Сүх-Эрдэнээс лавлахад:

-Хөлбөмбөгийн ногоон талбайд 90 минут үргэлжлэх тоглолтыг дэнсэлнэ гэдэг асар их тэсвэр тэвчээр , бэлтгэл сургуулилтын үр дүн байдаг. Уул өөд өгсөж хийсэн бэлтгэл спорт зааланд хийсэн дасгалаас олон  давуу талтай. Фитнесийн дасгалаар төдийлөн ачаалдаггүй хялгасан булчингууд ууланд авирахад илүүтэй ажилладаг юм. Мөн тэсвэр хатуужил суулгах тал дээр илүү юм шиг санагддаг. Хөлбөмбөг мэдээж багийн спорт учраас шавь нарынхаа харилцан ойлголцол, багийн уур амьсгалийг сайжруулах зорилгоор ууланд цаг гарган бэлтгэл хийхийг хичээдэг гэв. Яван явсаар бид оргилд хүрлээ.

Уулын оргилд эх орны алтан соёмбо байршжээ. 

Уг соёмбоны өнгө будаг шинэхнээрээ байгаа нь цагийн аяс, цас бороонд элэгдэж гандах бүрд нь уулчид өнгөлж тордож байдгийг илтгэнэ. Хөхөмдөг манан, борооны униар дор хотын маань барилгууд голын чулууд шиг алаглаж харагдлаа.Хотын дуу чимээ алсран холдож энд нам гүм ноёлно.Уулчдын харц илүү тогтуун тайван болсон нь анзаарагдлаа. Оргилоос хотыг харах мэдрэмжийнх нь тухай Э.Мөнхжаргалаас асуухад:

Хэдхэн цагийн өмнө та бид энэ харагдаж байгаа хотод түгжирч бухимдаж явсан шүү дээ. Харин одоо бүхэлд нь хараад зогсож байна. Ер нь аливаа юмыг томоор харах тусам “би” гэдэг тойрог жижгэрдэг. Асар том зүйлийн өчүүхэн жижиг хэсэг гэдгээ илүүтэй мэдэрдэг юм. Хатуу бэрх замыг туулаад оргилд гараад тайвшрах бол асар их гүн мэдрэмжийн асуудал. Нэг ёсны бясалгал шүү дээ гэж хариулав.

Дэлхийн хамгийн эртний дархан цаазат уул болох Богд Дүнжингарав хайрхан маань их хотын бэлгэдэл шүтээн төдийгүй экологийн түшиц тулгуур нь болж, иргэдийн аз жаргалтай, эрүүл энх амьдрахад чухал үүрэг гүйцэтгэн бахархалтайгаар мишээж байна.

Сурвалжилсан Д.Энх-Амгалан

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.