Сэтгүүлч "Трамп" Төмөрөө: Итгэл тасрахгүй
"Итгэл тасрахгүй" Модод гөлөглөн цайвар ногоон өнгийн булбарайхан, цэл залуу навчис яг л дөнгөж төрсөн нойтон унага хөл дээрээ дэнжигнэн байгаа мэт харагдах үеийг хотынхон хавар цаг ирлээ гэдэг. Цэл залуухан навч нахиа нь ирээдүйн тухай ер бусын гайхамшигт үлгэр шивнэн хүүрнэж, дэлхий ертөнц тэр чигтээ урин дулаан, эелдэг зөөлөн харцаар ширтэн байх мэт. Ийм л учраас хавар цагийг залуу настай зүйрлэн, хайрын улирал хэмээдэг биз...Хүмүүний амьдрал олон өнгөтэй. Олон өнгөтэй учраас л зовлон жаргал холилдон, ухаарал, уяралаар яруусах уудам орчлон нүгэл буяныг эн тэнцүүхэн багтаан эргэдэг. Яг л тэр нүгэл буяны дэнсэн дээр ирээдүйн зүг алхахаар, амьдралд дөнгөж хөл тавиад байсан 18-хан настай хүү хавдар туссан байх юм. Ийм мэдээг зуугийн талыг насалсан хүн сонсох үнэхээр харуусалтай юм байна. Би тэр насыг мэднэ шүү дээ. Охид эргүүлж, мөрөөдлөө ярьж, ааваасаа, ээжээсээ зөрүүдэлж, алдвал алдаж, оновол ялдаг нас. Гэтэл хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн алдвал алдаж, оновол ялж явах ёстой залуу нас хаврыг цонхны цаанаас хараад өнгөрөөнө гэдэг гунигтай. Түүний хэвтрийн дэглэмд өнгөрүүлсэн өдрүүд гунигт дурсамж болсон хоёр дахь хавар ийн нисч одов. Хавар цаг хүн бүр лүү инээмсэглэн ширтдэггүйг мэдэх шаналантай байна. Тэр 18 насанд ахдах жам бустай тэмцэн, уяхан цэнхэр хаврын урьхан хонгор салхинаа төгсөлтийн хонх жингэнүүлэн зогсож чадсангүй. Гэхдээ түүнд найз нөхөд, арван хоёр жил тохой залган сууж, инээд хөөр, хүсэл мөрөөдлөө хуваалцсан ангийнх нь найз нар байлаа. Залуу хүүг эмнэлэгийн орон дээр, өвчитний эрээн хувцастай байхад нь ирж төгсөлтийнх нь баяраас хэлтлэн авчирсан улаан туузтай мөнгөн хонхыг нь зүүж өгөөд дээр нь өөрсдийнхөө найдвар тээсэн сэтгэлийг дэвсэн “Итгэл тасрахгүй” шүү анд минь хэмээн зүүж өгсөн юм. Ангийнхан нь түүнийг орхисонгүй. Мөнгөн хонхны чимээ энэ удаа жинхэнэ утгаараа мөрөөдөл хүслийн дууг жингэнүүлэн цангинав. Өнөөгийн нийгмийн “бараан тусгал” болсон өсвөр насны хүүхдийн “Үе тэнгийн дээрэлхэлт”-д өртөн гэмтэл авч, гэмтлээс үүдсэн хавдар хүүг зовоож байгаа юм. Мөнгө, өнгөөр шидийг олсон хүч чадлын хийрхлээс үүдсэн гэмтэл хүүгийн ирээдүйн тухай бүх төсөөллийг үгүй хийчих вий гэж бодохоос зүрх зүсэм. Мунхаг нэгний болчимгүй үйлдлийн төлөөс яагаад ийм үнэтэй, яагаад ийм харамсмаар үнэ төлж байгаа юм бэ. Энэ тухай бодохгүйг хичээнэ. Амар амгалан, аз жаргалтай ирээдүйг бүтээх итгэл тасрахгүй. Хавар цаг зэврүүн салхитай, сааралдуухан өнгөтэй ч модод гөлөглөж, цэцэгс дэлгэрч хорвоо дэлхийг өнгө оруулан зуныг урин залдаг. Хүний амьдралд ч мөн хавар зун цагийг авчирдаг нандин бүхнийг юугаар ч солихгүй. “Хүний мөс, хүнлэг чанар” бидэнд бий гэдэгт итгэнэ. Тийм ээ, "Итгэл тасрахгүй"
Сэтгүүлч Трамп Төмөрөө
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.