ФРАНЦ УЛСААС ХУУЛЬ БУСААР ХУДАЛДААЛАГДСАН “ТАРБОЗАВР БАТААР” ТЭРГҮҮТЭЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ ЭХ ОРОНДОО АВЧИРЛАА
Монгол Улсаас хууль бусаар хил дамнасан палеонтологийн ховор олдворууд болох 50 гаруй хувийн бүрдэлтэй, харьцангуй бүрэн бүтэн "Тарбозавр батаар"-ын араг яс болон 28 багц үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Бүгд Найрамдах Франц Улсаас амжилттай эргүүлэн авчирчээ.
Энэ үйл явдал 13 жилийн турш үргэлжилсэн бөгөөд Монгол Улсын холбогдох байгууллагуудын хүчин чармайлт төдийгүй Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэж, өнөөдөр буюу 06 дугаар сарын 11-ний өдөр олдворуудыг эх орондоо бүрэн хүлээн авч байна.
Франц Улсын Засгийн газар, тус улсын гааль болон хууль сахиулах байгууллагууд олон улсын эрх зүйн туслалцааны хүрээнд анх эдгээр олдворыг хураан авсан бөгөөд Францын Засгийн газраас ЮНЕСКО-гийн 1970 оны конвенцоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, олдворуудыг Монгол Улсад үл маргах журмаар шилжүүлэн өгөхөд онцгой анхаарал хандуулж, бүх талын дэмжлэг үзүүллээ.
Олдворууд нь Монголын говиос олддог, 70 орчим сая жилийн тэртээд амьдарч байсан махчин үлэг гүрвэл Тарбозавр батаар (Tarbosaurus bataar) болон бусад палеонтологийн өндөр ач холбогдолтой юм. Эдгээр ховор олдворыг шинээр ашиглалтад орох "Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей"-н Палеонтологийн хэсэгт байрлуулж, олон нийт, судлаачдын хүртээл болгохоор болжээ.
Олон улсад энэхүү үйл явдал нь соёлын үнэт зүйлийн хууль бус худалдаатай тэмцэх, үндэсний өвөө хамгаалах чиглэлээр дэлхий нийтэд сайн туршлага болж байна.
ССАЖЗЯ-аас "Үлэг гүрвэлийн олдворуудыг Франц улсаас эх орондоо аюулгүй тээвэрлэн авчрахад нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлсэн Үндэсний тээвэрлэгч “МИАТ” ХК болон “Туушин” ХХК, түүнчлэн энэ хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Франц Улсын Засгийн газар, Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Эрүүгийн цагдаагийн алба, Гаалийн Ерөнхий газар, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн судлаач, эрдэмтдэдээ гүн талархал илэрхийлье" гэв.








Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.