Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаярын хорио цээрийн шийдвэрийг уяачид эсэргүүцэж байна
Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэнтэй холбогдуулан Увс аймагт олон нийтийг хамарсан арга хэмжээг наймдугаар сарын 01-нийг хүртэл зохион байгуулахыг хязгаарлаад байна. Тодруулбал,
• Овооны баяр
• Ургийн баяр
• Баяр наадам
• Хурдан морины уралдаан
• Бооцоот адуучин
• Бусад олныг хамарсан арга хэмжээ
Мөн аймаг, сум хооронд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан байна. Түүнчлэн, Ховд аймаг руу зорчих иргэд сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гарган, зөвшөөрлийн хуудас бөглөж зорчих боломжтой бол Баян-Өлгий аймаг руу зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглоод байгаа юм.
Гэвч Увс аймгийн малчид, уяачид Улсын их баяр наадмыг хугацаанд нь зохион байгуулахыг шаардаж эхэлжээ. Тэд бүтэн жилийн турш хурдан хүлгүүдийнхээ уяа сойлгыг тааруулж, ихээхэн хөдөлмөр, хөрөнгө хүч зарцуулдаг. Хэрэв наадмыг цуцлах шийдвэр гаргавал уяачдын бүтэн жилийн хөдөлмөр, зарцуулсан зардал талаар болно гэдгийг тэд онцолж байна.
Уяачдын төлөөлөл хэлэхдээ, "Бид бүтэн жилийн турш цаг наргүй хөдөлмөрлөж, хүлэг морьдоо сойсон. Наадам бол зөвхөн баяр цэнгэл биш, монгол түмний өв соёл, олон мянган уяачдын хөдөлмөрийн үнэлэмж юм. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг баримтлан наадмыг цуцлахгүйгээр зохион байгуулахыг шаардаж байна" гэжээ.
Мөн түүнчлэн Засаг даргын орлогч С.Анхбаярын бодлогогүй, дураараа авирлалт хэрээс хэтэрч буйг онцолсон байна.
С.Анхбаярын хувьд Ардын намын Бага хурлын гишүүн бөгөөд "Ардын хүч" шинэчлэлийн бүлэгт харьяалагддаг, өмнө нь аймгийн намын хорооны дэд даргаар ажиллаж байсан. Тэрбээр гуравдугаар сарын 4-ний өдөр шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Э.Насанбатын орлогчоор томилогдсон. Өмнө нь таалал төгссөн Засаг дарга С.Батжаргалын зөвлөхөөр ажиллаж байсан тэрбээр намынхаа удирдлагуудыг шүүмжилдэг, хурц ширүүн үг хэллэгээрээ олон нийтэд танигдсан нэгэн бөгөөд нутгийн иргэд түүнийг удирдлагын түвшинд ажиллах чадваргүй хэмээн шүүмжлэх болжээ.
С.Анхбаяр нь өнгөрсөн дөрөвдүгээр сард цахим орчинд дуучин Б.Амархүүг "хар тамхичин" хэмээсэн нь иргэдийндунд маргаан дэгдээж, улмаар Хүний эрхийн үндэсний комиссоос түүний эл үйлдлийг хүний эрхийг зөрчсөн хэмээн дүгнэсэн билээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.