ДАШТ: Усман Дембеле "хэт-трик" толилуулж, Францын Норвегийг "бут ниргэв"
Энэ ДАШТ-ий "чимэг" болсон, "ирлэсэн тонгорго шиг" идэр залуухан хоёр довтлогчоор урд шугамаа зузаалсан Франц, Норвегийн шигшээ багуудын тоглолт гоол арвинтай болж өндөрлөлөө. Үзэгчид хүчирхэг довтлогчид болох Холанд, Мбаппе нарын дунд "гол тулаан өрнөнө" гэж таамаглаж байсан ч хэн хэн нь гоолдсонгүй. Харин энэхүү тоглолтын "гол баатар" нь эхний хагаст хэт-трик хийж чадсан Францын довтлогч Усман Дембеле байлаа.
Тоглолт эхлээд ердөө 25 дахь секундэд Францууд хүчтэй довтолгоог өрнүүлж, Килиан Мбаппегийн хүчтэй цохилт хаалганы хөндлөвч оносон юм. Үүний дараа тэрээр гайхалтай дамжуулалтыг Дембелед өгснөөр тоглолтын 7 дахь минутад Франччууд тэргүүлж эхэлсэн юм. Энэхүү эрт орсон гоол Францын багт тоглолтыг өөрийн хэмнэлээр удирдах боломжийг олгосон бөгөөд Норвегийн хамгаалалтыг бүхэлд нь сандаргаж байв.
Тоглолтын 29 дэх минутад Усман Дембеле гоёмсог нэгэн цохилтыг гүйцэтгэж, өөрийн болон багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан юм. Норвегийн шигшээ баг хэдийнэ хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарах нь тодорхой болсон тул тэдний гол од, шилдэг мэргэн бууч Эрлинг Холанд тэргүүтэй гарааны 11 тоглогчийнхоо 10-ыг нь амраасан байв. Гэсэн хэдий ч тэд бууж өгөхийг хүссэнгүй. Дембелегийн хоёр дахь гоолоос ердөө нэг минутын дараа Норвегийн залуу тоглогч Тело Аасгаард Францын хамгаалагчдын анхаарал суларсан үеийг ашиглан гоол оруулж, тооны харьцааг 2-1 болгон ойртуулж чаджээ.
Гэвч Норвегийн энэ баяр баясгалан удаан үргэлжилсэнгүй. Тоглолтын 32 дахь минутад Усман Дембеле дахин нэгэн гайхалтай төгсгөлийг хийж, Дэлхийн аваргын тэмцээний замналын анхны хэт-трикээ бүртгүүллээ. Ингэснээр эхний хагас 3-1 харьцаатай Францын давамгайлал дор өндөрлөсөн юм. Хоёрдугаар үе эхлээд таван минут өнгөрч байхад Норвегийн шигшээ багт тооны харьцааг ойртуулах алтан боломж олдсон. Тэдэнд торгуулийн цохилт гүйцэтгэх эрх олдсон ч Йорген Странд Ларсены цохилтыг Францын хаалгач гайхалтай хааснаар Норвегичуудын итгэл найдварыг "унтраасан" юм.
Тоглолтын үндсэн цаг дуусаж, шүүгчийн нэмсэн цагт Францын залуу авьяастан Дезире Дуэгийн дамжуулалтаар Францын баг дөрөв дэх гоолоо оруулж, тоглолтыг 4-1 харьцаатайгаар дуусгалаа.
Эх сурвалж: espn.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.