Олимпын гүүр, явган хүний зам, дугуйн замыг угааж цэвэрлэж байна
Хотын дарга Б.Пүрэвдагва аж ахуйн нэгж, байгууллагуудыг ойр орчны 50 метр хүртэлх газрыг цэвэрлэж, өнгө үзэмжийг сайжруулах уриалга гаргасан. Хотын өнгө үзэмжийг сайжруулж, илүү цэвэрхэн, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор “Volunteer Mongolia” байгууллагын сайн дурын залуус нэгдэн өнөөдөр “Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг албан ёсоор эхлүүллээ.

Тодруулбал, 300 гаруй сайн дурын залуус Олимпын гүүр болон гүүр дагуух явган хүний зам, дугуйн замыг угааж, цэвэрлэлээ. “Цэмбэгэр Улаанбаатар” давлагаа энэ зуны турш үргэлжлэх аж.
“Цэмбэгэр Улаанбаатар” давлагааг санаачлагч, “Volunteer Mongolia”-г үүсгэн байгуулагч А.Ням-Од “Манай байгууллага 2021 оноос хойш сайн дурын үйл ажиллагаа явуулж байна. Туул гол, Сэлбэ гол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж цэвэрлэх ажлуудыг санаачилж хийж байсан. Наймдугаар сард COP17 олон улсын хурлаар олон зуун зочид, төлөөлөгчид ирнэ. Мөн манай улсад зун жуулчид олноор аялдаг. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчны газраа цэвэрлэж, хотоо соёлтой болгохыг залуус бид уриалж байна” гэв.

Залуус сайн дурын ажил хийснээр тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг төдийгүй хотоо цэвэр, сайхан болгож байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.
“Хот тохижилт, цэвэрлэгээний журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх орчны, мөн дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний зам, ногоон байгууламжийн хог хаягдлыг цэвэрлэж, орчны бохирдлыг арилгах, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Цэмбэгэр Улаанбаатар” давлааанд нэгдэж, орчин тойрныхоо цэвэр цэмцгэр байдлыг хангахыг 300 залуус уриалав.
Залуус “Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд дараах газруудыг нэгдэхийг уриалж байна.
• Үйлчилгээний газрууд: Дэлгүүр, ресторан, кафе, зочид буудлын гадна талбай
• Оффисын барилгууд: Бизнес төв, албан байгууллагуудын гадна орон зай
• Орон сууцны хорооллууд: Хотхон дундын талбай, тоглоомын талбай
• Нийтийн эзэмшлийн талбай: Иргэд олноор цугладаг гудамж, талбайг угааж цэвэрлэхийг залуус уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.