Монголын үндэсний спортын зуны VIII наадам амралтын өдрүүдийг дуустал Хүй долоон худагт үргэлжилнэ
Монгол түмний өв соёл, ёс заншил, түүхэн уламжлалыг хадгалан хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой “Монголын Үндэсний спортын зуны VIII наадам” Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Дөрвөн жил тутам зохион байгуулдаг тус наадмын зуны төрлийн шигшээ тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн шилдэг 1,672 тамирчин оролцож байна. Тамирчид 7-р сарын 29-нөөс 8-р сарын 2-ны өдрүүдэд үндэсний спортын 12 төрлөөр 100 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нээж хэлэхдээ, үндэсний спорт нь монголчуудын өв соёл, ёс заншил, түүхэн уламжлалыг хадгалан хөгжүүлэхийн зэрэгцээ хүүхэд, залуу үед өвлүүлэн үлдээх, эх орноо дэлхийд сурталчлах, аялал жуулчлал болон нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Нээлтэд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Амарсайхан, Монголын үндэсний спортын хорооны ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр болон бусад албаныхан оролцсон бөгөөд үндэсний спортын шилдэг тамирчдыг төрийн одон, медалиар шагналаа.
Нээлтийн ёслолын үеэр Монголын үндэсний спортын VIII наадмын бамбарыг Монгол Улсын Даян аварга Б.Орхонбаяр, Үндэсний сурын улсын мэргэн С.Тогоохүү нар хүндэтгэлтэй залж, төрийн их тулганд гал асаалаа. Үүний дараа оролцогч тамирчдын баярын жагсаал болж, тамирчин, шүүгчдийн төлөөлөл шударга өрсөлдөж, наадмын дэг журмыг эрхэмлэн сахихаа илэрхийлэн тангараг өргөв. Мөн “Гал голомт” театрын бүжигчид “Есөн цацал” бүжгээ толилуулж, морьт харвааны тамирчид ур чадвар, авхаалж самбаагаа харуулсан тусгай үзүүлбэрээр наадамчин олны мэлмийг баясгалаа.
Монголын үндэсний спортын зуны VIII наадмын тэмцээн, уралдаанууд Хүй долоон худаг дахь "Монгол наадам цогцолбор"-т амралтын өдрүүдийг дуустал олон нийтэд нээлттэй үргэлжлэх юм.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.