Унгарын Ерөнхий сайд Петер Мадъяар төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ хааж эхэлжээ
Унгар улсад олон жилийн турш төрийн эрхийг барьсан хуучин Ерөнхий сайд Виктор Орбаны үеийн хэвлэл мэдээллийн хяналтыг задлах шинэ Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлжээ. Үүний хүрээнд тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн гол сувгууд болох "Кошут" (Kossuth) радио болон "М1" телевиз нэвтрүүлгээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон бүх нийтийн сонгуулиар Виктор Орбаныг ялж, Ерөнхий сайдаар сонгогдсон Петер Мадьяр өөрийн Фэйсбүүк хуудсаараа дамжуулан энэхүү үйл явдлыг түүхэн өдөр хэмээн зарлав. Тэрээр "Өнөөдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагддаг байсан суртал ухуулгын нэвтрүүлгүүд эцэс боллоо. Тэд өдөр ч, шөнө ч, долгион бүрээр худал ярьдаг байсан. Одоо энэ бүхэн дууссан" хэмээн мэдэгджээ. Унгарын олон нийтийн гол телевиз болох "М1" суваг Мягмар гарагийн үдээс хойш нэвтрүүлгээ зогсоож, дэлгэцнээ хар дэвсгэр дээр "Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл худал хэлэх ёсгүй. Ийм урт хугацаанд худал мэдээлэл цацаж байсанд хүлцэл өчиж байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийг хараат бус, найдвартай болгон шинэчлэх болно. Манай мэдээний хөтөлбөр түр хугацаанд зогслоо. Бидэнтэй хамт байгаарай" гэсэн бичгийг гаргасан байна. Үүний зэрэгцээ "Кошут" радиогийн долгионоор алдарт хөгжмийн зохиолч Бела Бартокийн сонгодог хөгжмийг дамжуулж эхэлсэн бөгөөд "М1" болон "Кошут" радиогийн албан ёсны цахим хуудаснууд ажиллахгүй болжээ.

Унгарын төрийн мэдээллийн агентлаг болох MTVA-ийн мэдээлснээр, "М1" телевиз оройноос эхлэн нэвтрүүлгээ сэргээх боловч мэдээний хөтөлбөрүүдийг цацахгүй аж. Бусад олон нийтийн үйлчилгээний нэвтрүүлгүүдэд энэхүү өөрчлөлт нөлөөлөхгүй гэдгийг албаныхан тодотгов. Ерөнхий сайд асан Виктор Орбан энэхүү шийдвэрийг эрс шүүмжилж, өөрийн сошиал хуудсандаа "Энэ бол Тиса намын дарангуйллын бас нэгэн жишээ!" хэмээн бичжээ. Тэрээр үнэнийг мэдэхийг хүссэн үзэгчдийг өөрийн "Фидес" (Fidesz) намтай холбоотой "Hír TV" сувгийг үзэхийг уриалсан байна. Петер Мадьярын удирддаг "Тиса" (Tisza) нам өнгөрсөн дөрөвдүгээр сарын сонгуулиар парламентын суудлын гуравны хоёрыг авч, үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Тэрээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Орбаны эрин үеийг эцэс болгож, "дэглэмийг өөрчлөх" амлалт өгч байв. Мадьяр Ерөнхий сайд болсныхоо дараа гаргасан анхны зарлигуудынхаа нэгээр олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагыг өөрчилж, тэдгээрийг улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус болгох шинэчлэлийг эхлүүлсэн юм.
Эх сурвалж: theguardian.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.