Конго улсад Эболагийн халдвар шинэ мужид илэрч, нас барсан хүний тоо 600 давлаа

Конго улсад Эболагийн халдвар шинэ мужид илэрч, нас барсан хүний тоо 600 давлаа

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад аюулт Эбола вирусийн халдвар газар авч, шинэ мужид сэжигтэй тохиодол бүртгэгдсэн нь тус улсад нүүрлээд буй эрүүл мэндийн хямрал улам бүр даамжирч байгааг харуулж байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, халдварын улмаас нас барсан хүний тоо хэдийнэ 600-д хүрээд байгаа бөгөөд тархалтын хүрээ тэлсээр буй нь олон улсын шинжээчдийн анхаарлыг татаж эхэллээ.

Засгийн газраас гаргасан нөхцөл байдлын хамгийн сүүлийн үеийн тайланд дурдсанаар, өнгөрсөн тавдугаар сарын 15-нд албан ёсоор зарласан энэхүү дэгдэлт одоогоор тус улсын зүүн бүсийн Итури, Хойд Киву болон Өмнөд Киву мужуудыг хамраад байна. Одоогийн байдлаар нийт 1,759 хүн халдвар авсан нь тогтоогдоод байгаа бөгөөд үүнээс гадна шинээр илэрсэн сэжигтэй тохиолдлуудыг нарийвчлан шалгаж байна.

Хамгийн түгшүүртэй мэдээлэл нь Чопо мужийн засаг захиргааны төв бөгөөд Конго улсын хамгийн том хотуудын нэгд тооцогддог Кисанганид хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн явдал юм. Эдгээр тохиолдлуудыг одоогоор албан ёсны нийт тоонд хараахан оруулаогүй байгаа бөгөөд лабораторийн эцсийн хариуг хүлээж байна. Кисангани шиг хүн ам шигүү суурьшсан томоохон хотод вирус нэвтэрсэн нь халдвар хяналтаас гарах өндөр эрсдэлийг дагуулж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Илэрсэн тохиолдлуудын тархалтын зүй тогтлыг судлахад, эхний өвчтөн нь анхны голомтуудын нэг болох Итури мужийн Нианиа эрүүл мэндийн бүстэй шууд холбоотой байжээ. Харин хоёр дахь өвчтөний хувьд Кисангани хотоос өөр ямар нэгэн газар зүйн байршил эсвэл өмнөх голомтуудтай холбогдсон түүх байхгүй байгаа нь халдвар далд хэлбэрээр аль хэдийн тархсан байж болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна.

Одоогоор эерэг гарсан шинжилгээний хариуг баталгаажуулах хоёр дахь шатны нарийвчилсан шинжилгээнүүд хийгдэж байна. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн хариу арга хэмжээ авах тусгай багууд Кисангани хотод тандалт судалгаа, хавьтагчдыг илрүүлэх, тусгаарлах болон бусад хязгаарлах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж эхэлжээ.

Конгогийн эрүүл мэндийн яам болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өмнө нь халдвар бүртгэгдээгүй байсан Чопо болон Дээд Уэле зэрэг мужуудад Эболагийн халдварт өртсөн байж болзошгүй хүмүүсийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлээд байна. Сүүлийн 24 цагийн дотор л гэхэд тус улсад 51 шинэ тохиолдол бүртгэгдэж, 20 хүн нас барсан нь нөхцөл байдал ямар хурдтай хүндэрч байгааг илтгэнэ.

ДЭМБ-ын мэдээлснээр, хүн амын шилжилт хөдөлгөөн, дотоодын дүрвэгсдийн урсгал болон зэвсэгт мөргөлдөөнтэй бүс нутгуудын тогтворгүй байдал нь халдвар тархах гол хүчин зүйл болж байна. "Энэхүү дэгдэлт хараахан тогтворжоогүй бөгөөд газар зүйн хувьд улам бүр өргөжин тэлэх хандлагатай байна" гэж тус байгууллагын мэдэгдэлд онцолжээ.

Эбола вирус нь халуурах, булчин өвдөх, суулгах, бөөлжих болон дотуур, гадуур цус алдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг бөгөөд нас баралтын хувь маш өндөртэй, аюултай халдварт өвчин юм. БНАКУ-ын хувьд энэ нь түүхэндээ бүртгэгдэж буй хамгийн хүнд хэцүү дэгдэлтүүдийн нэг бөгөөд орон нутгийн иргэдийн дундах үл итгэлцэл, эрүүл мэндийн салбарын сул хөгжил зэрэг нь тэмцэх ажлыг улам хүндрүүлж байна. Олон улсын тусламжийн байгууллагууд Конго улсад вакцинжуулалт болон эмнэлгийн тусламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа ч газар дээрх нөхцөл байдал амаргүй хэвээр байна.

Эх сурвалж: reuters.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.