Балетын урлаг дахь хэвшмэл ойлголтыг эвдэгч Мисти Коупландын тухай сонирхолтой найман баримтыг хүргэж байна
Америкийн алдарт балетчин Мисти Коупланд бол зөвхөн бүжигчин биш, урлагийн ертөнц дэх хэвшмэл ойлголтыг эвдэж, сая сая хүмүүст урам зориг өгсөн соёлын томоохон нөлөөлөгч юм. Түүний амьдрал, амжилтын замналыг өгүүлэх сонирхолтой найман баримтыг тоймлон хүргэж байна.
75 жилийн түүхийг шинэчилсэн нь
2015 онд Мисти Коупланд Америкийн Балетын Театр (American Ballet Theatre - ABT)-ын 75 жилийн түүхэн дэх анхны өнгөт арьст гоцлол бүжигчин болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Энэ нь зөвхөн түүний хувийн амжилт биш, классик балетын ертөнц дэх арьс өнгөөр ялгаварлах үзлийн "ханыг нураасан" түүхэн үйл явдал байв.

Хожимдож эхэлсэн гараа
Балетын мэргэжлийн бүжигчид ихэвчлэн 3-5 настайгаасаа бэлтгэл хийж эхэлдэг. Тэгвэл Мисти балетын урлагтай 13 настайдаа буюу дэндүү хожуу танилцжээ. Анх орон нутгийнхаа Хүүхэд, залуучуудын клубийн (Boys & Girls Club) жижиг зааланд сагсан бөмбөгийн шийдний доор балетын анхны хөдөлгөөнөө сурч байсан гэдэг.

Бие организмын хувьд балетад тохирохгүй гэгдэж байв
Түүнийг балетын ертөнцөд "хөл тавихад" шүүмжлэгчид болон багш нар нь түүний биеийн галбирыг балетад тохирохгүй гэж гоочилдог байжээ. Булчинлаг, өргөн түнхтэй, уламжлалт балетчдын туранхай төрхөөс өөр байсан ч Мисти өөрийн давуу талыг хүч чадал, уян хатан байдал болгон хувиргаж чадсан юм. 4

Поп-ын хаан Принстэй хийсэн хамтрал
2009 онд поп хөгжмийн домог Принс (Prince) өөрийн "Crimson and Clover" дууны клипэнд тоглохыг Мистигээс хүсжээ. Үүгээр ч зогсохгүй тэрээр Принсийн аялан тоглолтуудад оролцож, амьд хөгжмийн хэмнэлд балет бүжиглэн, рок болон классик урлагийг гайхалтайгаар хослуулан олон нийтийг алмайруулж байв.

"Time" сэтгүүлийн "Хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг
Мисти Коупленд 2015 онд дэлхийн нэр хүндтэй "Time" сэтгүүлээс тодруулдаг "Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн"-ий нэгээр шалгарч, тус сэтгүүлийн нүүрийг чимсэн юм. Энэ нь балетын бүжигчин поп соёлын хэмжээнд үнэлэгдсэн ховор тохиолдлуудын нэг байлаа.

Өөрийн нэрийн "Барби" хүүхэлдэйтэй
Тоглоом үйлдвэрлэлийн Mattel компани охидод урам зориг өгөх, олон ургальч үзлийг дэмжих зорилгоор "Shero" цувралынхаа хүрээнд Мисти Коуплендийн дүр төрх бүхий Барби хүүхэлдэйг худалдаанд гаргажээ. Тус хүүхэлдэй нь түүний алдартай дүр болох "Галт шувуу" (Firebird)-ын хувцас өмсгөл өмссөн байдаг

Бестселлер зохиолч ба продюсер Тэрээр зөвхөн тайзан дээр бүжиглээд зогсохгүй өөрийн амьдралын түүхийг өгүүлсэн "Life in Motion: An Unlikely Ballerina" хэмээх намтар номоо гаргасан нь Нью-Йорк Таймсын бестселлер болсон юм. Мөн хүүхдийн зурагт номууд хэвлүүлж, балетын тухай баримтат кинонуудад продюсороор ажиллаж байна

Under Armour брэндийн түүхэн нүүр царай
Мисти спорт хувцасны алдартай Under Armour брэндтэй гэрээ байгуулсан анхны балетчин болсон юм. Түүний тоглосон "I Will What I Want" сурталчилгааны видео цахим орчинд сая сая хандалт авсан бөгөөд уг бичлэг дээр түүнийг балетын сургуулиудаас хэрхэн "татгалзсан хариу" авч байсан захидлыг уншиж, түүнийг нь хэрхэн даван туулж буйг харуулдаг

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.