Дэлхийн хамгийн баян LVMH группийн өв залгамжлагч Фредерик Арно Монголд юуны учир ирэв?

Дэлхийн хамгийн баян LVMH группийн өв залгамжлагч Фредерик Арно Монголд юуны учир ирэв?

-Дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлийн томоохон тоглогч Loro Piana Монголын ноолуурын ирээдүйд анхаарлаа хандуулж байна-

Дэлхийн тансаг зэрэглэлийн салбарын хамгийн нөлөө бүхий гэр бүлийн нэг болох Арногийн гэр бүлийн төлөөлөл, Loro Piana-гийн гүйцэтгэх захирал Фредерик Арно (Frédéric Arnault) Монголд хүрэлцэн ирсэн нь олны анхаарлыг татаад буй. Түүний айлчлалын цаана шинэ үйлдвэр, томоохон хөрөнгө оруулалтын хэлцэл бий юу? эсвэл дэлхийн luxury зах зээлийн хамгийн үнэ цэнтэй түүхий эдийн нэг болох монгол ноолуур гол шалтгаан нь байв уу? Юун түрүүнд түүний тухай товч өгүүлье.

Фредерик Арно гэж хэн бэ?

018741cf08914ceabf48fe8f5c3f8a7f

Фредерик Арно бол Бернар Арногийн таван хүүхдийн нэг бөгөөд LVMH-ийн өв залгамжлагчид дундаас хамгийн их анхаарал татдаг хүмүүсийн нэг.

Тэрээр 1994 оны арваннэгдүгээр сарын 7-нд төрсөн, өдгөө 31 настай.

Францын элит инженерийн сургууль École Polytechnique-ийг төгссөн, технологийн чиглэлийн боловсролтой тэрээр Facebook болон McKinsey-д дадлага хийж байжээ.  Тиймдээ ч бага залуугаасаа LVMH-ийн технологи, luxury бизнесийн огтлолцол дээр ажиллаж эхэлсэн байна.

Арно 2020 онд буюу дөнгөж 25 настайдаа TAG Heuer-ийн CEO болж, брэндийн connected watch болон технологийн стратегийг эрчимжүүлж байжээ. Улмаар 2024 онд LVMH-ийн TAG Heuer, Hublot, Zenith брэндүүдийг хамарсан LVMH Watches-ийг удирдах болсон бол 2025 оны зургадугаар сарын 10-наас Loro Piana-гийн CEO болсон юм.

Өөрөөр хэлбэл Монголд ирсэн Фредерик Арно бол зүгээр нэг “тэрбумтны хүү” биш, Loro Piana-гийн түүхий эдийн нийлүүлэлт, өсөлт, стратегийг шууд хариуцаж буй гүйцэтгэх захирал юм.

Forbes-ийн 2026 оны наймдугаар сарын мэдээллээр Bernard Arnault & family-ийн хөрөнгө тухайн өдрийн хувьцааны ханшаас шалтгаалан ойролцоогоор $140 тэрбумын түвшинд хэлбэлзэж, дэлхийн хамгийн баян хүмүүсийн эхний арав гаруй байрт багтжээ.

 f85fd72eaf85424d8f152f30e7695c7c

Бернар Арногийн таван хүүхэд бүгд LVMH-ийн экосистемд ажилладаг бөгөөд Delphine Arnault Dior-ийг, Alexandre Arnault LVMH-ийн Wines & Spirits салбарт удирдах албан тушаал хашиж, Antoine Arnault группийн имиж, байгаль орчны чиглэлд ажилладаг. Харин хамгийн бага хүү Jean Arnault Louis Vuitton-ийн цагны бизнест ажилладаг. Иймээс “LVMH-ийг хэн өвлөх вэ?” гэдэг асуулт дэлхийн luxury салбарын хамгийн сонирхолтой залгамж халааны сэдвүүдийн нэг хэвээр буй.

Арног Монголд авчирсан COP17

6b73acb311a6441393c20c6ff79a619d 

Фредерик Арно Улаанбаатарт зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх концевцын COP17-д оролцохоор Монголд газардав. Тэрээр өчигдөр буюу наймдугаар сарын 24-нд COP17-ийн хүрээнд Loro Piana, LVMH болон Sustainable Fibre Alliance хамтран “Resilient Threads: How to strengthen cashmere supply chains through public-private partnership and the operationalization of One Health” сэдэвт арга хэмжээг зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлгийн гол агуулга нь Монголын бэлчээрийг хамгаалахын зэрэгцээ дэлхийн хамгийн чанартай ноолуурын нийлүүлэлтийг хэрхэн урт хугацаанд тогтвортой хадгалах вэ? гэх байгаль орчны асуудал төдийгүй Loro Piana-гийн хувьд бизнесийн стратегийн ач холбогдолтой сэдэв юм.

Италийн тансаг зэрэглэлийн Loro Piana брэнд Монголын өндөр чанарын ноолуурыг 40 гаруй жилийн турш худалдан авч ирсэн бөгөөд Улаанбаатарт ноолуурын анхан шатны боловсруулалтын үйлдвэртэй. Өөрөөр хэлбэл Монгол Улс Loro Piana-гийн хувьд зүгээр нэг түүхий эд нийлүүлэгч орон биш. Харин дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хувцас, бүтээгдэхүүнийх нь нийлүүлэлтийн сүлжээний стратегийн нэг хэсэг юм. Гэхдээ энд нэг том эрсдэл бий. Бэлчээр доройтвол ямааны аж ахуйд нөлөөлнө. Ямааны аж ахуй доголдвол чанартай ноолуурын нийлүүлэлт буурна. Харин түүхий эдийн нийлүүлэлт тогтворгүй болбол luxury брэндийн бизнес ч эрсдэлд орно. Тиймээс Loro Piana-гийн Монголын бэлчээр, малчдын амьжиргаа, биологийн олон янз байдлыг сонирхож байгаа нь зөвхөн компанийн нийгмийн хариуцлагын асуудал биш, тэдний урт хугацааны бизнесийн ашиг сонирхолтой шууд холбоотой юм.

“Resilient Threads” буюу ноолуурыг бэлчээрээс нь эхлэн хамгаалах стратеги

3b7867ea9045471b9f3ea0f61a73f44b 

Loro Piana Монголд “Resilient Threads” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд уг санаачилгын хүрээнд ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь авч үзжээ. Өөрөөр хэлбэл: Бэлчээр-малчин-ямаа-ноолуур-гарал үүслийн баталгаажуулалт-Loro Piana гэсэн бүхэл бүтэн хэлхээг тогтвортой байлгах тухай асуудал хөндөгдөж байгаа юм.

Иймд COP17-ийн үеэр Монголын зүүн бүс нутагт хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулж, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон малчдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцжээ.

Айлчлалын үеэр анхаарал татсан өөр нэг сэдэв нь хиймэл оюун ухаан ба traceability байлаа. Тодруулбал AI академийн захирал Б.Болор-Эрдэнэ Фредерик Арнотой уулзаж, AI ашиглан ноолуурын гарал үүсэл, нийлүүлэлтийн сүлжээг хянах боломжийн талаар ярилцсанаа олон нийтэд мэдээлсэн юм. Одоогоор албан ёсны гэрээ хэлэлцээр хийгээгүй ч дэлхийн luxury салбарт бүтээгдэхүүн хаанаас, ямар нөхцөлд, хэрхэн үйлдвэрлэгдсэн бэ гэдгийг нотлох шаардлага улам чухал болж буй ийм үед Монголын ноолуурын гарал үүслийг технологиор баталгаажуулах боломж Loro Piana зэрэг брэндүүдийн хувьд стратегийн ач холбогдолтой байх нь тодорхой. Тухайлбал ирээдүйд хэрэглэгч зөвхөн “100% Mongolian cashmere” гэсэн шошго харахаас илүүтэй тухайн ноолуур Монголын аль нутгаас, ямар нийлүүлэлтийн сүлжээгээр дамжин ирснийг баталгаажуулах боломжтой болохыг ч үгүйсгэхгүй.

86e0042a364348d28f575f6657bf094a

Loro Piana-гийн хувьд Монгол бол дэлхийн luxury зах зээлд өрсөлдөхөд шаардлагатай онцгой түүхий эдийн эх үүсвэр. Тиймээс тус компанийн сонирхол зөвхөн “өнөөдөр хэдэн тонн ноолуур авах вэ?” гэдэг дээр тогтохгүй. Харин 10, 20 жилийн дараа Монголд чанартай ноолуур тогтвортой үйлдвэрлэгдсээр байх уу? гэдэг асуулт руу шилжиж байгаа юм. Үүний тулд бэлчээр хамгаалагдсан байх ёстой. Малчдын орлого тогтвортой байх хэрэгтэй. Мал сүргийн чанар, менежмент сайжрах шаардлагатай. Ноолуурын гарал үүсэл баталгааждаг болох ёстой.

Тиймдээ ч Фредерик Арногийн энэ удаагийн Монгол дахь айлчлалаас харахад дэлхийн хамгийн том luxury группүүдийн нэг Монголыг зөвхөн түүхий эд нийлүүлэгчээр бус, өндөр зэрэглэлийн ноолуурын урт хугацааны стратегийн эх үүсвэр гэж харж байгаа дүр зураг улам тодорч байна.

Товч: LVMH бол дэлхийн luxury салбарын аварга

Фредерикийн эцэг Бернар Арногийн удирддаг LVMH Moët Hennessy Louis Vuitton нь Louis Vuitton, Dior, Tiffany & Co., Bulgari, Fendi, Loewe, Loro Piana, Givenchy, TAG Heuer, Hublot, Moët & Chandon, Dom Pérignon, Sephora зэрэг 75 гаруй Maison-ыг нэгтгэдэг дэлхийн хамгийн том luxury групп юм.

LVMH групп өнгөрсөн 2025 онд

  • €80.8 тэрбумын орлого
  • €17.8 тэрбумын үйл ажиллагааны ашиг
  • €10.9 тэрбумын группт ногдох цэвэр ашиг
  • 22 хувийн operating margin-тай ажиллажээ.

Зөвхөн Fashion & Leather Goods бизнес нь 2025 онд €37.8 тэрбумын борлуулалт хийсэн нь LVMH-ийн цар хүрээг харуулна.

Фредерикийн удирдаж байгаа Loro Piana-гийн тухай

LVMH 2013 онд Loro Piana-г худалдаж авсан бөгөөд 2025 онд эзэмшлээ 94 хувь болгон нэмэгдүүлжээ. Нэмэлт 9 хувийг авахдаа LVMH ойролцоогоор €1 тэрбум төлсөн нь Loro Piana-г групп дотроо хэр өндөр үнэлж байгааг харуулах нэг үзүүлэлт юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.