ДАШТ: Өнөөдрөөс маргаашид шилжих шөнө болох Испани болон Португалын тоглолтын өмнө бид юуг мэдэх ёстой вэ?
Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны хамгийн сонирхолтой, хүлээлт үүсгэсэн тоглолтуудын нэг болох Испани болон Португалын шигшээ багуудын тулаан эхлэхэд хэдхэн цаг үлдлээ.
41 Роналдугийн дэлхийн аваргын "сүүлчийн бүжиг" байх уу. Эсвэл 18 настай Ламин Ямаль том тайзнаа дахин гялалзах уу? Дэлхийн хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй хоёр багийн тулаанаас өмнө бид юуг мэдэх ёстой вэ
Испанийн шигшээ баг шөвгийн 16-д хэрхэн хүрэв?
Испаничууд "Н" хэсгийг хоёр хожил, нэг тэнцээтэйгээр, нийт 7 оноотой тэргүүлсэн. Луис де ла Фуэнтегийн удирдсан баг Кабо-Вердетэй 0:0-ээр тэнцэж, тэмцээнээ тааруухан эхлүүлсэн ч Саудын Арабыг 4:0, Уругвайг 1:0-ээр хожсон юм. Улмаар шөвгийн 32-ын шатанд Австрийн багийг 3:0-ээр илүүрхэн хожсон бөгөөд Микель Оярсабаль хоёр гол оруулж, Педро Порро нэгийг нэмж бүртгүүлжээ.
Португалын шигшээ баг шөвгийн 16-д хэрхэн хүрэв?
Португалчууд "К" хэсэгт 5 оноо авч, хэсгийн тэргүүлэгч Колумбын араас хоёрдугаар байраар шалгарсан. Роберто Мартинесийн баг эхний тоглолтоо Конго улсын шигшээтэй 1:1-ээр тэнцэж, дараа нь Узбекистаныг 5:0-ээр бут ниргэсэн. Хэсгийн сүүлийн тоглолтод Колумбтай 0:0-ээр тэнцсэнээр хэсгээс гарах эрхээ баталгаажуулсан юм. Шөвгийн 32-т тэд Хорватын хүчтэй багийг 2:1-ээр буулган авсан бөгөөд Роналду торгуулийн цохилтоос тоог тэнцүүлж, Гонсалу Рамуш шүүгчийн мэдлийн цагт хожлын голыг оруулсан билээ.
Испанийн шигшээ багаас юу хүлээх вэ?
Тэмцээн ахих тусам тэдний тоглолт сайжирч байна. Хамгаалалт нь маш найдвартай байгаа бөгөөд дөрвөн тоглолтод нэг ч гол алдаагүй. Хаалгач Унай Симон ДАШТ-д 519 минут гоол алдалгүй хаалгаа хуурай манаж, шинэ дээд амжилт тогтоогоод байна. Гэмтлээс эргэн ирсэн залуу од Ламин Ямаль формондоо орж эхэлсэн бөгөөд Испанийн довтолгоо улам аюултай болж байна.
Португалын шигшээ багаас юу хүлээх вэ?
Тэд том тоглолтуудад хэрхэн тоглохоо мэддэг (Евро 2016, Үндэстнүүдийн лигийн 2019, 2025 оны аварга). Хэдийгээр хэсгийн шатанд ойлголцол муутай байсан ч Хорватын эсрэг хийсэн тоглолт тэдний бүрэлдэхүүний чанарыг харуулсан юм. Рафаэл Леау маш сайн тоглолт үзүүлж байгаа бөгөөд тэрээр өнөөдөр гараанд гарах магадлал өндөр байна. Харин Витинья, Жоау Невеш, Бруну Фернандеш нарын дундын шугам одоогоор хүлээлтэд хүрэхгүй байгаа тул дасгалжуулагч Мартинес нэгийг бодож суугаа нь дамжиггүй.
Гол одод хэн бэ?
Энэхүү тоглолтын гол анхаарал 41 настай домогт довтлогч Криштиану Роналду болон Испанийн шинэ үеийн түүчээ 18 настай Ламин Ямаль нарын дээр тусах болно. Роналду энэ ДАШТ-д аль хэдийн 3 гоол оруулаад байгаа бол Ямаль баруун жигүүрт өөрийн ур чадвараараа өрсөлдөгчдөө сандаргаж байна.
Тоглолтын хувь тавилан талбайн аль хэсэгт шийдэгдэх вэ?
Тоглолтын хувь заяаг шийдэх хамгийн сонирхолтой тулаан талбайн жигүүрт өрнөх болно. Испанийн залуу од Ламин Ямаль болон Португалын зүүн жигүүрийн хамгаалагч Нуну Мендеш нарын халз тулаан үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлнэ. Ямаль өнгөрсөн долоо хоногт өөрийнх нь эсрэг тоглож байсан хамгийн хэцүү хамгаалагчаар Мендешийг нэрлэсэн. Ямаль энэ зун 30 удаа өрсөлдөгчөө хуурах оролдлого хийсэн нь тэмцээний хамгийн өндөр үзүүлэлт юм. Гэвч Мендеш бол ганцаарчилсан хамгаалалтад дэлхийн шилдэгт тооцогддог төдийгүй урагш довтолж тоглодог тул Ямаль хамгаалалтад туслах шаардлагатай болно. Португалын довтолгооны 42 хувь нь Мендешийн тоглодог зүүн жигүүрээр явагддаг тул энэ хэсэгт ширүүн тэмцэл өрнөх нь гарцаагүй.
Эх сурвалж: nytimes.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.