Ардын жүжигчин Т.Ариунаа: Энэ их хувь заяаны өмнө зүтгэж явах боломжийг олгосон Монгол төрдөө гүн талархал илэрхийлье
Өнөөдөр буюу долоодугаар сарын 6-нд Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагнагдсан Т.Ариунаа цахим хуудастаа төр‚ түмэндээ талархсан сэтгэгдлээ илэрхийлээ
Тэрбээр:
Өнөөдөр Монгол төрийн дээд одонгоор шагнуулж буй энэ эрхэм мөчид миний сэтгэлд бахархал, даруу зан, хариуцлага гурвуулаа зэрэгцэн оршиж байна.
Монгол түмэн эртнээс “Хүнийг алдар чимдэггүй, үйлс нь алдаршуулдаг” хэмээн сургасаар ирсэн. Тиймээс энэхүү шагналыг би өнгөрсөн хөдөлмөрийн төгсгөл бус, харин эх орон, ард түмэндээ илүү ихийг бүтээх шинэ тангараг гэж хүлээн авч байна.
Энэ эрхэм хүндэтгэл бол ганц хүний гавьяа биш. Надтай мөр зэрэгцэн зүтгэсэн уран бүтээлч хамт олон, намайг хүмүүжүүлсэн эцэг эх, багш нар, үргэлж түшиж түшиглэсэн гэр бүл, итгэл хайр хайрласан олон түмний хамтын хөдөлмөрийн үнэ цэнэ юм.
“Эх орон гэдэг эцгийн гэр биш ээ,
Эгэлгүй их хувь заяа юм.”
Энэ их хувь заяаны өмнө зүтгэж явах боломжийг олгосон Монгол төрдөө гүн талархал илэрхийлье.
Төрийн дээд шагналын нэр хүндийг ариунаар хадгалж, итгэлийг нь үйлсээр хариулж, үр хүүхэд, залуу үедээ хөдөлмөр, ёс суртахуун, эх оронч үзлийн үлгэр дуурайл болохын төлөө цаашид ч сэтгэл, мэдлэг, хүч хөдөлмөрөө харамгүй зориулах болно.
Монгол төр мөнх оршиж, Монголын заяа түшиж, эх орон минь хөгжин бадарч, ард түмэн минь эвтэй энх, элбэг хангалуун байх болтугай.
Гүнээ талархая Төмөрийн Ариунаа
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.